Эрэгтэй ба эмэгтэй хүний тархины онцлог буюу амьдрал дээр илрэх ялгаанууд

0
987

Эрэгтэй эмэгтэй хүний хоорондын үл ойлголцол дээр тулгуурласан “Эрэгтэй эмэгтэй хүний тархи” гэсэн сонирхолтой сэдвээр та бүхний амьдралд хэрэг болох мэдээлэллийг хүргэж байна. Тэгэхээр эсрэг хүйснийхээ хүнийг байгалаас ямар онцлогтойг мэдсэнээр дотнын хүнтэйгээ харьцахад хөнгөн болох, дотны хүнтэйгээ амархан ойлголцож харьцаж байж харилцааны саад бэрхшээлийг амархан даван туулна гэж бодож байна.

ЭРЭГТЭЙ ба ЭМЭГТЭЙ хүмүүс нь зөвхөн нөхөн үржихүйн эрхтний бүтэц болон дотоод шүүрлийн үйл ажиллагаагаар ялгаатай биш юм. Тархинд олон ялгаа илэрсэн байна. Тийм учраас бид эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд өөрөөр харж, өөрөөр сонсож, өөрөөр мэдэрцгээдэг бөгөөд энэнээс үүдээд нэгнээ ойлгохгүй байх тохиолдол олонтаа байдаг байна.

Ойлгомжтой болгохын үүднээс эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үл ойлголцол бүхий энгийн диалог харуулаад учир шалтгааныг нь товч тайлбарлая:

Харвардын их сургуулийн профессор Филлис БЛИЗАРД энэ судалгаа болон ажиглалтыг хийсэн байна.

Эволюцийн явцад эрэгтэй ба эмэгтэй хүний тархи зарим талаар ялгаатай хөгжжээ. Энэ нь бидний өвөг дээдэс нийгэмд эрэгтэй эмэгтэйгээрээ өөр өөр үүрэг гүйцэтгэж байснаар тайлбарлагдана.( Мянга мянган жилийн турш эрчүүд нь ав хийж өөрсдийн өөрсдийн отог омгоо дайсан, байгалийн гамшигаас аюулгүй байлгах үүрэг гүйцэтгэж, эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөх, орчноо, ахуйгаа зохицуулах үүргийг залгуулж иржээ.) Энэ ажил үүргүүдийг гүйцэтгэхийн тул тархины тодорхой хэсгүүдийн хариуцсан өөр өөр дадал хэрэгтэй юм.

Харах хүрээ

Эмэгтэй: -Тэр баруун талд байгаа эмэгтэйн зүүлтийг хараач. Их гоё юм тиймээ? За чи тэгтлээ сүрхий эргэж хардаг нь юув дээ…

Эрэгтэй: -Үгүй чи л өөрөө хар гээгүй билүү…

Эмэгтэй хүний харааны талбай нь эрэгтэй хүнийхээс өргөн байдаг байна. Эрэгтэй хүний тархи нь, “хонгил” маягийн нарийн хараа хүлээж авахад зохицсон бөгөөд чиглэсэн зүйлдээ хурц хараатай байдаг байна. Ийм учраас эрчүүд хол байгаа зүйлсийг сайн анзаарч олж хардаг боловч ширээн дээрх хэрэгтэй цаасаа ч юм уу эсвэл өрөөн дотроо оймсоо олж чаддаггүй тохиолдол их байдаг байна.

Эмэгтэй хүн 45 градусын өнцгөөр баруун зүүн тийш, мөн дээш доош толгойгоо эргүүлэхгүйгээр тод харж байдаг. Эмэгтэй хүн хамт байгаа эрэгтэй хүнийг эмэгтэй хүн рүү илт ширтлээ гэж хэзээ ч юм заавал буруутгасан байдаг. Гэвч эрдэмтдийн судалгаагаар эмэгтэй эрэгтэй хүн эсрэг хүйсний хүн рүү харах тохиолдол нь адил юм.

Сонсгол

Эрэгтэй: -Наад хөгжмөө унтраа даа, анхаарал сарниад байна!

Эмэгтэй (утсаар ярингаа): -Миний хувьд нэг их саад болохгүй л байна, гоё ч дуу байна…(утсаар) Тэгээд яасан гэнээ…

Эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү нарийн сонсголтой байдаг байна. Түүнээс гадна эмэгтэй хүний тархи дуу чимээг амархан ангилж салгаж чадах бөгөөд тэрнийгээ аль алийг нь зэрэг хүлээж авч чаддаг байна. Үр дүнд нь хүнтэй ярьж байх үедээ хажууд байгаа хүмүүсийн ярианаас нэг ч үг өнгөрөөлгүй сонсож чаддаг. Энэ чадвар нь эрэгтэй хүнд бол маш сул, аль нэг мэдээллийн урсгалд анхаарлаа хандуулсан үедээ зэрэгцээ мэдээлэл хүлээж авч бараг чаддаггүй байна.

Орчин

Эмэгтэй: -Манай шинэ хөршүүд сонголт сайтай юмаа, нөхөр нь сайхан хүрэм, эхнэр нь гоё булган дээлтэйг нь ажигласан уу?

Эрэгтэй: -Би тэгж бодохгүй байна, хийсэн засвар нь, тэр тусмаа тавилга нь онцгүй юм.

Эмэгтэй хүн анхаарлаа эхлээд хүмүүст, харин эрэгтэй хүн орчин тойронд анхаарлаа хандуулдаг байна. Эртэмтэд дараах туршилтыг хийжээ. 50 хос байгаа өрөөнд эрэгтэй эмэгтэй хүмүүсийг уриад нууц камераар тус бүрийн нүдний хөдөлгөөнийг бичиж авсан байна. Дараа нь тус бүрд нь блиц асуулт тавьжээ.

Үр дүн нь:

Эмэгтэй хүн 3 минутын хугацаанд хэн ямар хувцас өмссөнийг, ямар хосууд нь бие биедээ талтай болон ямар хосууд нь муудалцсан, хэн нь хэнтэй ойр байхыг хүсч байгааг, мөн аль нь найз байж болох эмэгтэй аль нь өрсөлдөгч эмэгтэй байгааг анзаарах чадвартай нь ажиглагджээ.

Эрэгтэй хүн бүх л боломжит орох болон гарах хаалгыг бүртгэж, байж болох таагүй явдлууд, гарах боломжит гарцыг хайж байжээ. Дараа нь тэрээр танил царай болон дайсагналцах магадлал бүхий царайнуудыг хайж байсан байна. Мөн хүмүүсийн хувцсыг сайн анзаараагүй боловч хагархай цонх, эсвэл шатсан чийдэнгүүдийг санаж байсан байна.

Амсхийлт

Эмэгтэй: -Орж ирэнгүүтээ диван дээр унаад өгөх юм. Ядахдаа хүүхдийхээ хичээлийг шалгачихад яадаг юм бэ?

Эрэгтэй: -Ядраад салж унах нь ээ…

Эрэгтэй хүн амарч байх үедээ бүх орчноосоо тусгаарлагддаг бол эмэгтэй хүн тийм биш бөгөөд унтаж байхдаа ч сонсох чадвартай юм. Пенсильвани муж улсын их сургуулийн нейропсихолог Рубен Гур хэмээх профессор эрэгтэй хүн амарч байх үед тархины идэвхтэй үйл ажиллагаа 70% -иар буурдгийг тогтоосон бөгөөд ялангуяа идэвхтэй ажилласны дараагаар огцом уналтын байдалд шилждэг байна.

Амарч байх үедээ эмэгтэй хүний тархины идэвхтэй үйл ажиллагаа дөнгөж 10% буурдаг бөгөөд урсан ирж буй мэдээллийг тасралтгүй хүлээн авч анализ хийж байдаг байна. Гал тогоонд дусаж буй усны чимээ эмэгтэй хүнийг ихээр тавгүйтүүлдэг бол эрэгтэй хүн огт анзаардаггүй байна.

Зэрэгцээ ажиллах чадвар

Эмэгтэй: -Би чамд юм хэлээд байна чи сонсож байна уу?

Эрэгтэй: -Сонсохгүй байна, би сонин уншиж байна шүү дээ (зурагт үзнэ)

Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс ялгаатай нь хэдэн үйлдлийг нэг зэрэг хийж чаддаггүй байна. Эмэгтэй хүний эстроген гормон нь тархины тал бөмбөлгүүдийн хооронд үүсдэг олон тооны холбоог дэмжих үйлчилгээтэй юм. Тийм ч учраас эмэгтэй хүн жишээ нь машин барьж байх үедээ радио сонсонгоо утсаар яриад хажуугаар нь уруулаа будаж амждаг байна.

Эрэгтэй хүний тархи тодорхой хугацаанд зөвхөн тодорхой нэг даалгаварт л үйл ажиллагаагаа төвлөрүүлэх чадвартай юм. Тэд үнэхээр уншиж байхдаа эсвэл хөл бөмбөг үзэж байхдаа юу ч сонсдоггүй бөгөөд хэрвээ түүнийг сахлаа хусаж байх үед нь яриа үүсгэх юм бол өөрийгөө эсгэх магадлал нь ихсэх болно.

Зурагт

Эмэгтэй: -Нэг суваг дээр тогтоод юм үзье л дээ…

Эрэгтэй: -Байж бай л даа… Олигтой юм алга

Эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр өөр зорилготойгоор зурагт үздэг. Эмэгтэйчүүдэд нэвтрүүлэг болон киноны үйл явдлын сюжет буюу санаа гэхээсээ илүү оролцон тоглогчдынх нь нь харилцаа, мэдрэмж, өмсгөл, онцлог чанар нь чухал юм. Дэлгэцийн дүртэй хамт баярлаж, хамт уйлснаараа эмэгтэй хүн тухайн өдрийн алжаалаас чөлөөлөгдөж чаддаг.

Эрэгтэй хүн өөрийн проблемуудаа мартах, түр ч атугай холдох шилдэг арга бол бусдын шийдвэрт шилжих зам байдаг гэнэ. Ийм учраас нэвтрүүлэг, суваг болгоноос үйл явдал бүхний үр дүн, шийдэл, цаад санааг хурдан тааварлан мэдэх, хайхыг эрмэлздэг байна. Гарч байгаа зүйлийн шийдэл, санаа, төгсгөл тодорхой бол тэр суваг буюу нэвтрүүлэг сонин биш. Тэр нь олшрох тусмаа сайн. Иймээс сувгаас суваг руу “үсчдэг” байна.

Газрын хэмжүүр

Эрэгтэй: -Ойрхон эмийн сан хаана байдаг вэ?

Эмэгтэй: -Siemens гэсэн хаягтай байшингаас Fashion гэсэн дэлгүүр рүү эргээд тэр замаараа банк хүртэл…

Эрэгтэй: -Байзаарай, аль зүгт эргээд хэдэн метр явах юм бэ? Ямар уулзвараар эргэх юм бэ?

Эрэгтэй хүн тодорхой хэсэг газарт чиг баримжааны чадвар болон “өмнөд-умард”, “метр”, “хурд”… гэсэн ойлголтууд, хэмжигдхүүнүүдийг ашиглахдаа илүү юм. Эмэгтэй хүмүүс юуны өмнө нүдэнд тусахуйц, жишээ нь хаяг, шилэн хорго, чимэглэл гэх мэтийн объект, тэмдэгүүдийг анзаардаг байна. Орон зайд чиг баримжаа олох чадвар нь тархины баруун тал бөмбөлөгт байрлах онцгой хэсэгтэй холбоотой бөгөөд эрэгтэй хүний энэ хэсэг нь эмэгтэй хүнийхээс эрс хөгжсөн байдаг юм байна. Эрэгтэй хүн хойд зүг хаана байгааг амархан тодорхойлох бөгөөд газрын зургийн толгойдоо саадгүй эргүүлж чаддаг байна. Харин эмэгтэй хүн газрын зургаа явж байгаа чиглэлдээ гараараа тааруулж эргүүлдэг байна. Энэ ялгааг эрдэмтэд 1998 онд тодорхой болгосон тэр үед английн 2 дизайнер “өмнө зүгт аялагчдад” зориулсан уруугаа харсан Английн газрын зургийг сурталчилснаар хэдхэн тооны эрэгтэйгээс захиалга авсан бол харин 15000 эмэгтэй тус газрын зургийн захиалга өгсөн байна.

Яриа

Эмэгтэй: -Өдөр хэр өнгөрөв дөө?

Эрэгтэй: -Байдгаараа л…

Эмэгтэй: -Надаа ёстой онцгүй өдөр байлаа. Өглөө ажилдаа ирээд дөнгөж ажлаа эхэлж байтал нэг хэрэглэгч орж ирээд…

Эрэгтэй (дотроо) ”Ядахдаа орой хоолон дээр дуугүй байж болдоггүй юм байхдаа”

Эмэгтэй хүнийг чалчаа гэж эрэгтэй хүн үздэг нь зөв юм. Өдрийн төгсгөлд эрэгтэй хүний тархи хураасан мэдээллийг ангилж хадгалах чадвартай юм. Эмэгтэй хүн тийм биш юм. Асуудлуудынхаа тухай бодохгүй байхын тулд түүнийгээ ярих замыг сонгодог байна. Ингэхийн тулд өдөрт 12000 үг хэрэглэх шаардлагатай байдаг бол эрэгтэй хүнд яриандаа хэрэглэх үгийн тоо 4000 байхад хангалттай байдаг байна. Хэрвээ эмэгтэй хүн өдөржингөө жижиг хүүхэдтэй цаг өнгөрөөж 2000 үг хэрэглэсэн бол орой дор хаяж 10000 үг бүрий яриа дэлгэж эрчүүдийг залхаадаг ажээ.

Жолооны ард

Эмэгтэй: -Би нэг машин шүргэчихсэн, угаасаа өнөөдөр бие өвдөөд байсан юмаа.

Эрэгтэй: -Тэгээд? Чиний нуруу өвдсөнөөс нүд чинь өвдөөгүй юм байгаа биз дээ…

Үнэн хэрэгтээ эмэгтэйчүүдийг харж үзэх шалтгаан байдаг. Сарын мөчлөг болон түүнээс хэд хоногийн өмнөх өдрөөс эхлээд эмэгтэй хүний хөдөлгөөний координацитай холбоотой үйлдэл хийх чадвар нь ердийн үеийхээс 4 дахин буурдаг байна.

Онтарио мужийн их сургуулийн Элизабет Хансон гэдэг судлаачийн тодорхойлсноор эмэгтэй хүний эстроген гормоны төвшин бага байх тусам хөдөлгөөн, үйлдлээ муу баримжаалдаг байна. Энэ гормон нь сарын мөчлөгөөс өмнө болон мөчлөгийн үед хамгийн доод хэмжээндээ хүрдэг бөгөөд энэ үедээ жолооны ард суухдаа их болгоомжтой байхад илүүдэхгүй нь.

Нүдэн баримжаа

Эмэгтэй: -Би буугаад энэ 2 машины хооронд багтах нь уу үзээдхэе.

Эрэгтэй: -Чи миний хувцас дээрх ганц ширхэг үсийг олоод харчихдаг мөртлөө машинаар ухрах болохоор харалган болчих юм аа…

Эмэгтэй хүний нүдэн баримжаа эрэгтэй хүнийхэд хүрэнгүй бөгөөд объектын хоорондох зайг алдаж тооцоолох нь их, тиймээс ялангуяа машин байрлуулах тэр тусмаа ухрах үйлдэл хийхэд хүндрэлтэй байдаг байна. Эрчүүд мөн эрэгтэй хүүхдүүдэд энэ чадвар илүү хөгжсөн байдаг байна.

Шөнийн хараа

Эрэгтэй: -Машинаар хол явах юм чинь хөдөлгөөн ихтэй гэгээтэй үед би жолоо барья, шөнө чи…

Эмэгтэй: -Үгүй, үгүй шөнө чи барь, тэгэхгүй бол би шөнө муу хардаг юм…

Харанхуйд эмэгтэй хүн эрэгтэй хүнээс 15-20% муу хардаг байна. Учир нь нүдний торлогийн гэрлийг мэдрэгч родопсин гэдэг пигментийн солилцоог тестостерон гэгч гормон хурдасгаж байдаг. Эрэгтэй хүнд энэ гормоны концентраци эмэгтэй хүнийхээс хэд дахин их байдгаас шөнийн цагт ялангуяа хол байгаа объектийг илүү хардаг байна. Эрэгтэй хүний нүдэн баримжаа өдөр шөнө ялгалгүй нарийн үзүүлэлттэй байдаг бол эмэгтэйчүүдийн ихэнхэд “тахиан” гэж нэрлэгддэг харанхуйн сохрол ажиглагддаг байна.

Дэлгүүрт

Эрэгтэй: -Хоёулаа дэлгүүр хэсэхээ дараагийн амралтын өдөр болгох уу, би ядраад байна.

Эмэгтэй: -Харин тэгээд дэлгүүр хэсэнгээ амаръя л даа…

Эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүнтэй хамт дэлгүүр хэсэх нь сэтгэцийн хүнд ачаалал юм. Эрэгтэй хүний тархи нь даруй шийдвэр гаргахад чиглэгдсэн байдаг. Эмэгтэй хүн хамт яваа эрэгтэйгээ ихэнхдээ “зөөгч-төлбөр хийгч” рольд тавьдаг бөгөөд өөрөө сонголтоо хийх нь элбэг байдаг байна.

Эрчүүдийн хувьд дэлгүүрээс бараа авах нь богино хугацаанд амжилттай ан хийсэнтэй адил. Ангаа авласан бол анчин хурдхан харих ёстой.

Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй хамт дэлгүүрт байхдаа дагалдагчийн буюу өөрийн сэтгэхүйн эсрэг байдалд ордог. Түүнд эмэгтэй хүний сонголт хийж байгаа байдал, зөвхөн сонин байгаа учраас бүгдийг нэг бүрчлэн үзэх нь машид бухимдуулна. Яагаад гэвэл эмэгтэй хүний хувьд дэлгүүр хэсэх гэдэг нь музей буюу театрт очиж байгаагаас ялгаагүй юм.

Баруун зүүн тал

Эмэгтэй: -”Бялуу” гэсний баруун талаас шүү…Чи юу аваад ирвээ, би чамайг нөгөө талаас нь аваарай гэсэн шүү дээ…

Эрэгтэй: -Нөгөө талыг хонгор минь зүүн тал гэдэг юм.

Бараг 2 эмэгтэй хүн болгоны нэг нь аль гар нь баруун, аль нь зүүн гэдгээ шууд хэлж чаддаггүй, энийгээ бөгж ч юм уу өөр ямар нэг шинж тэмдгээр тодорхойлдог байна. Учир нь дээр хэлснээр эмэгтэйн эстроген гормон нь тархины баруун зүүн бөмбөлөгт олон холбоо үүсгэснээс 2 тал зэрэг ажилладагаас шалтгаалдаг байна. Эрэгтэйн үйлдлүүдийг нэг бол баруун эсвэл зүүн тал хариуцаж ажилладгаас баруун зүүн талаа амархан ялгадаг байна.

Ой тогтоолт

Эрэгтэй хүн сонсголын ой тогтоолт муутай байдаг. Дуу чимээний давтамж, хөг таних задлах үүрэгтэй зүүн тал бөмбөлгийн зулай орчимд байрлах тархины хэсэг эмэгтэй хүнд илүү хөгжсөн байдаг байна. Эрэгтэй хүн яриа сонсож байхдаа тархины хамаг үйл ажиллагаа нь сонсогдож байгаа чимээг танихад чиглэгддэг бөгөөд дээр нь түүнийг тогтоох нь улам хүндрэлтэй байдаг байна.

Цохилоо, гоол

Эмэгтэй: -Бөмбөг хөөж гүйхийг юуг нь үздэг байнаа, тэгснээс хамт энийг бөглөе.

Эрэгтэй: -Чи хөл бөмбөгийн тэмцээнийг яаж үгийн сүлжээтэй харьцуулж чадаж байнаа…

Эрэгтэй хүн хөдөлгөөнт тоглоом, жишээ нь хөл бөмбөг, хоккейд дурладаг бөгөөд ширээний тоглоомноос аль болох олон маневр хөдөлгөөн тэмцэл бүхийг нь сонгодог байна. Хурдан гүйдэг, чиглэлээ байнга өөрчилдөг, гэнэтийн үр дүн гарах тоглоом сонирхдогийн учир нь генетикийн хадгалагдаж үлдсэн хандлага болох ангийн сонирхол юм. Гэвч орчин үеийн эрчүүлд хоолтойгоо хөөцөлдөх шаардлага байхгүйн улмаас тэрхүү төрөлхийн хандлагыг өөр арга замаар орлуулж эхэлдэг байна.

Эмэгтэй хүнд янз бүрийн таавар, үгийн сүлжээ мэт сонирхолтой байдаг. Орон зайд хурдан баримжаалах, мэргэн буудах мэт дадал хариуцсан тархины хэсэг эмэгтэйчүүдэд муу буюу эсвэл огт хөгжөөгүй байдаг. Үгийн сүлжээний хувьд энэ нь эмэгтэй хүний төрөлхийн сониуч зан болон бүх салбарт ерөнхий мэдлэгтэй байхыг хүсдэгээс болдог гэнэ.

Ажил

Эмэгтэй: -За тэгэхээр эхлээд бүх төслийг судлаад нэгийг нь сонгоё, тэгээд сайжруулах тал дээр нь оролдоод үзье, эсвэл даргаас зөвлөлгөө авах уу?

Эрэгтэй: -Тэгж цаг алдаад яахав, шууд л эхлэе, бусдын жишгийг дагаад яахав, өөрсдөө шийднээ…

Эрэгтэй эмэгтэй хүмүүс адил нэг зорилгод хүрэхийн тулд бараг дандаа өөр өөр арга замыг сонгодог байна. Эмэгтэй хүн болж өгвөл эрсдэлгүй, бусдын сонгосон замыг сонгодог бол эрэгтэй хүн аль болох хурдан, бие даасан байх замыг шилдэг байна. Эмэгтэй хүн эргэлзэж байвал найз болон хамт ажилладаг хүнээсээ байнга зөвлөлгөө авдаг. Эрэгтэй хүний хувьд яахаа мэдэхгүй байна гэдгийгээ хэзээ ч ил гаргадаггүй бөгөөд бүгдийг бие даан хийхээр зүтгэдэг. Түүний хувьд зөвлөлгөө хүсэх гэдэг нь асуудлыг бие даан шийдвэрлэх чадваргүйгээ хүлээсэнтэй адил ба энэ нь түүний нийгмийн статуст халгаатай гэж үздэг. Эмэгтэй хүн өөрийн алдаа, сул талыг амархан хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь түүний хувьд ердөө л харилцааны нэг хэлбэр юм.

Google search engine