Би царай муутай, эсвэл муухай харагддаг юм болов уу? Үгүй ээ зүгээр л залхуу байгаа

0
167

Олон хүмүүс өөрсдийгөө гоо үзэсгэлэнгүй, бүр муухай харагддаг байх гэж бодож гомдоллодог. Гэвч энэ бол хоосон бодол юм. Учир нь хүн бүр өөрийн гэсэн сэтгэл татам чанартай байдаг.

Залуу халуун насандаа би ч бас өөрийгөө тийм ч царайлаг биш, бүр муухай гэж боддог байлаа. Энэ нь надаас өөртөө итгэх итгэл, өөрөөрөө бахархах мэдрэмж, хувийн амьдрал, аз жаргалыг минь хулгайлж байсан. Харин нас ахих тусам би нэг зүйлийг ойлгосон. Хүмүүс янз бүрийн төрх, биеийн харьцаатай байдаг бөгөөд үнэндээ муухай хүн гэж үгүй. Харин залхуурч, өөрийгөө тордож, хөгжүүлдэггүй хүмүүс л байдгийг мэдсэн.

Би муухай хүн үү, эсвэл зарим хүмүүсийн доторх л зан чанар муухай байдаг уу?

Нэг удаа манай найз нөхдийн хүрээллийн нэгэн бүсгүй ямар ч шалтгаангүйгээр, бүр нухацтайгаар намайг “муухай” гэж хэлсэн юм. Бид зүгээр л хааяа тааралдаж ярилцдаг байснаас цаашгүй, тэр үгийг хэлэх ямар ч үндэс шалтгаан байгаагүй. Иймэрхүү үгийг найзууд бүү хэл танил хүмүүс рүү ч хошигнож хэлэх нь зохимжгүй санагддаг. Тэр үед би эмэгтэй хүнд муухай үг хэлж хариу барих зүрхтэй байгаагүй, бас энэ гэнэтийн дайралтад хариултгүй шоконд орж зогссон юм. Энэ үг үнэхээр намайг гомдоосон. Аз болж, манай нэг найз намайг өмөөрч, тоглоомоор намайг “муухай биш, зүгээр байдаг нэг залуу” гэж хэлж эвтэйхэн өнгөрөөж байлаа.

Хамгийн хачирхалтай нь, тэр бүсгүй өөрөө ямар ч талаас нь харсан үзэсгэлэнтэй биш байлаа. Бүр өчүүхэн ч сэтгэл татам төрхгүй, илүүдэл жинтэй, оюун ухааны хувьд ч дутмаг санагддаг байсан. Яагаад яг ийм хүмүүс л бусдыг муухай гэж хэлэх эрхтэй мэт аашилдаг юм бол?

Нас ахих тусам л миний ойлгож эхэлсэн зүйл бол: Бусдын тухай муухайгаар ярьдаг хүмүүс ихэнхдээ гоо үзэсгэлэнтэй, ухаалаг, бараг төгс хүмүүст бус, харин эсрэгээрээ, бодол санаа нимгэн, гадна төрхөөрөө ч тааруухан хүмүүст илүү тохиолддог юм байна.Үнэндээ бусдыг муухай гэж хэлдэг хүмүүс өөрсдөө л дотоод болон гадна талын сул талаа даван туулахаар өөрийгөө батлах оролдлого хийж буй хэрэг. Тэдний доторх муухай зан чанар гадаад төрхөөс нь илүү их байгаа нь харамсалтай.

Та муухай биш, зүгээр л залхуу

Хэрвээ танд гоо үзэсгэлэн байхгүй бол амьдралд хэцүү санагдах нь амархан. Гоо үзэсгэлэнтэй хүмүүст амьдрал илүү хялбар, тэдэнтэй найзлах, хамт байхыг хүсдэг хүмүүс олон, ер нь хүмүүс тэдэнтэй сайнаар ханддаг. Харин гоо үзэсгэлэн байхгүй бол яах вэ? Хэрвээ би царай муутай эсвэл муухай юм бол яах вэ? Уйтгарлах, ганцаардаж, депресс рүү орох шаардлагагүй.

Дасгал хөдөлгөөн, идэвхтэй амьдралын хэв маяг

Би царай муутай, эсвэл муухай харагддаг юм болов уу? Үгүй, та дасгал хөдөлгөөн хийдэггүй, идэвхгүй л юм байна! Биднийг муухай болгодог зүйл бол амьдралдаа дасгал хөдөлгөөнийг оруулдаггүй явдал. Хэрвээ тарган, хэт туранхай эсвэл амьдралын идэвхгүй бол энэ нь сайжруулах хамгийн тохиромжтой цаг мөч юм.

Спорт, дасгал хөдөлгөөн нь бидний биеийг илүү гоо үзэсгэлэнтэй болгоно, биеийн хэлбэрийг сайжруулж, арьсыг эрүүл толигор, өөртөө итгэлтэй болгоно. Харин анхны үр дүн нь 1-2 долоо хоногт гарах л болно.

Ихэнх эмэгтэйчүүд өөрийнхөө биеийг хөгжүүлсэн, спортлог эрчүүдэд дуртай байдаг. Харин ихэнх эрчүүд дасгал хөдөлгөөн хийдэг, сайхан биетэй, илүүдэл жингүй, гуалиг бүсгүйчүүдэд дуртай.

Та ямар ч төрлөөр дасгал хөдөлгөөн хийх боломжтой: Фитнесээр хичээллэх, гүйх, тулааны урлаг, кроссфит гэх мэт эсвэл дуртай спортоор хичээллээрэй. Дур булаам биетэй байх нь эсрэг хүйстнийхээ сонирхлыг ихээр татдаг байна.

Гадаад үзэмждээ анхаарал хандуулах

Гоо үзэсгэлэнгийн нууц бол өөрийгөө арчлахад л оршдог. Муухай харагдуулдаг зүйл ихэвчлэн жижиг дутагдлууд бөгөөд энэ нь заримдаа тэр бүр анзаарагдахгүй, бараг үл мэдэгдэм зүйл байж болох юм. Энэ нь таны биеэс, амнаас гарч буй таагүй үнэр, эрүүл бус үс, арьсны асуудал, хорхойтсон шүд байж болно. Мөн хиртсэн хувцас ч хүмүүсийг муухай харагдуулдаг. Эдгээр нь хүмүүсийг муухай болгодог, илүү зөв хэлбэл түлхэх хүчин зүйл болдог. Гэвч эдгээр асуудлыг хялбархан засаж болно!

Гадаад төрхдөө анхаарал тавих. Миний нүүр царай таалагдахгүй байна уу? Арьс, шүд, биеийнхээ цэвэр цэмцгэр байдалд анхаарал тавьснаар үүнийг шийдэж болно. Цэвэрхэн өөрт таарсан загварлаг хувцас өмсөх. Гадаад үзэмждээ анхаарал тавьснаар гоо үзэсгэлэнгээ нэг шатаар ахиулж чадаж байна л гэсэн үг.

Өөрийгөө хайрла

Хүн өөртөө гадаад төрх, эсрэг хүйстэнтэй харьцахад асуудал байна гэж бодож байвал шалтгаан нь үүнд байдаггүй. Би дэлхий дээрх хамгийн муухай нь гэж үү? Үгүй, та өөрийгөө хайрлахгүй байна. Өөрийнхөө гадаад төрх, дутагдал, өвөрмөц чанарыг хүлээн зөвшөөрч, хайрлаж сурах хэрэгтэй.

Хүн өөрийгөө хайрласны дараа бүх зүйл өөрчлөгддөг. Би үнэхээр муухай юу эсвэл зүгээр л урьд нь өөрийгөө хангалттай хайрладаггүй байсан уу? Би өөртөө, гадаад төрхдөө, бусдын өмнө өөрийн үнэ цэнд итгэлгүй байсны улмаас өөрийгөө муухай гэж боддог байжээ. Өөрийн үнэ цэнийг ойлгоход бүх зүйл зөв байрлалдаа ордог. Өөртөө итгэлтэй болж, өөрийгөө сэтгэл татам гэж бодох үед үнэхээр тийм болох болно. Гоо үзэсгэлэн нь дотроосоо гаралтай бөгөөд энэ нь хүнээс харизм, сэтгэл татам байдлаар илрэх болно.

Дашрамд хэлэхэд, олон жилийн дараа миний гадаад төрх залуу насныхаас илүү сэтгэл татам болсон. Нас ахих тусам би өөрийн гадаад төрхөндөө 100% сэтгэл хангалуун болсон. Хамгийн чухал зүйл бол спортоор хичээллэх, гадаад төрхөө арчлах, өөрийгөө хайрлах гэдгийг санах юм. Энэ гурван зүйлд анхаарал хандуулснаар бидний гоо үзэсгэлэн улам нэмэгдэж, өөртөө итгэх итгэл ч өсдөг.

Google search engine