Шинэ судалгааны багийнхан энэ зөрүүг бэлгийн сонголттой холбон тайлбарлаж байна.
Олон улсын судалгааны баг дэлхийн өнцөг булан бүрээс 135,600 гаруй таргалалтад өртөөгүй эрэгтэй, эмэгтэйчүүдийн өндөр, жингийн мэдээллийг цуглуулж, эдгээр өгөгдлийг улс орны хөгжил цэцэглэлтийн түвшинтэй холбон шинжилжээ. Улс орнууд баяжихын хэрээр хүмүүсийн өндөр, жин нэмэгддэг ч энэ өсөлт эрэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүдээс хоёр дахин хурдан байгаа нь тогтоогдсон байна. Энэ талаар нэгдүгээр сарын 22-нд Biology Letters сэтгүүлд нийтэлсэн судалгаандаа багийнхан орчин үеийн бэлгийн сонголт уг үзэгдэлд тодорхой хэмжээнд нөлөөлж байж болзошгүй гэж үзжээ.
“Манай улсын хэмжээний шинжилгээгээр улс орны нийгэм, экологийн нөхцөл сайжирч, өвчний ачаалал буурах хэрээр хүмүүсийн өндөр, жин нэмэгддэг ч энэ өсөлт эрэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин их байгааг тогтоолоо. Үүний үр дүнд бэлгийн хэмжээний диморфизм (SSD) буюу эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биеийн хэлбэрийн ялгаа нэмэгдэж байна” хэмээн Итали, АНУ, Их Британийн судлаачид дүгнэжээ. Бэлгийн диморфизм гэдэг нь нэг төрлийн амьтдын эр, эм хүйсийн бие махбодын ялгааг хэлдэг.
Судлаачид эмэгтэйчүүд илүү өндөр, булчинлаг эрчүүдийг хамтрагчаараа сонгох магадлалтай байдаг бол эрэгтэйчүүд эмэгтэй хүний өндөрт төдийлөн ач холбогдол өгдөггүй байж болзошгүй гэж үзэж байна.
Мөн илүү хөгжилтэй орнуудад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өндөр нэмэгдэх хэмнэлд ийм их зөрүү гарах нь эрчүүдийн биеийн хэлбэр орчны өөрчлөлтөд илүү мэдрэг болохыг хэлнэ.
“SSD илүү таатай орчинд ихэсдэг гэсэн гол үр дүнгээс харахад, биеийн ерөнхий хэлбэрийн хөгжил, хадгалалт нь эрэгтэйчүүдийн хувьд эмэгтэйчүүдээс илүү амьдрах орчиндоо мэдрэг байдаг нь ойлгомжтой байна. Ялангуяа өндөр, жингийн хувьд энэ илэрхий ажиглагдлаа” хэмээн судлаачид онцолжээ.
Өөрөөр хэлбэл, Польшийн Вроцлавын их сургуулийн биологич Богуслав Павловски (судалгаанд оролцоогүй) CNN-д өгсөн ярилцлагадаа “Экологийн болон эдийн засгийн нөхцөл сайжирч, хүмүүсийн нөөц боломж нэмэгдэх үед эрчүүд эмэгтэйчүүдээс илүү их биологийн ашиг хүртдэг. Харин нөөц хомс үед эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хохирдог” гэж тайлбарласан байна.
Хэдийгээр судлаачид энэ үр дүнг шалтгаан-үр дагаврын шууд холбоотой гэж бүрэн баталж чадахгүй ч эрэгтэйчүүдийн өндөр болон хүйсийн ялгаатай өсөлтийг хүн амын эрүүл мэндийн өөрчлөлтийг хянах биомаркер болгон ашиглаж болохыг эцэст нь дурджээ.