Эрчүүд ба эмэгтэйчүүд (Man vs Women) (4-р хэсэг)

0
572

“Тахиа бол шувуу биш, эмэгтэй хүн бол хүн биш” – эрчүүд ийн хэлэх дуртай. Өөрсдийнх нь дэргэд эмэгтэй хүн юу ч биш: оюун ухаанаараа ч, хүч тамираараа ч… бүхий л талаараа эмэгтэй хүн эр хүнтэй өрсөлдөж чадахгүй гэсэн утгатай. Үүнийг нь үгүйсгэж, эрчүүдтэй эн тэнцүү байх гэж чармайдаг бүсгүйчүүд жил ирэх тусам олширсоор. Харин эрчүүдтэй барьцсан ийм эмэгтэйчүүдэд эрэгтэй хүн үнэн дургүй нь хүрдэг. “Эр хүн шиг эмэгтэй хүн – хамгийн муухай. Эмэгтэй хүн эмэгтэйлэг л байх ёстой, уурлаж байхдаа ч эмэгтэй маягаар уурлах ёстой, эрэгтэй хүн шиг хөмхийгөө зуугаад байх нь их эвгүй харагддаг” хэмээн эрчүүд санал нийлж байна.

Светлана Хоркина, спортын гимнастикийн Олимпийн аварга:

Эр хүйстэнг – хүчтэй хүйс, эм хүйстэнг – сул дорой хүйс гэж яриад заншчихсан л болохоос биш өнөөдөр чинь эмэгтэйчүүд эрчүүдийн хийж байгаа бүхнийг л хийж байна шүү дээ. Сансрын хөлөг, усан онгоц, нисдэг онгоц юуг ч жолоодож удирдаж чадаж байна… төмөр зам тавьж байна… хүнд атлетик, бусад бүх спортоор хичээллэж байна… “

Холливудын хит сэдвүүдийн нэг – аймшиггүй дайчин эмэгтэй: хэнд ч бууж өгөхгүй түмэн эрчүүдтэй ана мана үзэлцэн ялж буй эмэгтэй. Ийм сэдэвтэй кино маш олон байдаг бөгөөд гол санаа нь: хэрэв эмэгтэй хүн хүсэх юм бол эрэгтэйчүүдээс дутахгүй хүчтэй байж чаддаг!

Энэ үнэн үү, эсвэл зүгээр л киночдын фантааз уу? Амьдрал кино хоёр хэр зөрөх бол? Үүнийг тогтоохын тулд туршилт хийе…

Туршилтанд бодибилдингийн аварга Наталья Батоваг урьлаа. Тэрээр ийм булчинлаг биетэй болохын тулд 14 жилийг зарцуулсан бөгөөд одоо, формоо алдахгүйн тулд хоолны нарийн дэглэм /өөх тослоггүй, хайрч хуураагүй хоол, ногоо, өндөг/ барин өдөр бүр хэдэн цаг дасгал хийдэг. Энэ бадриун, булчин нь зангирсан хүүхэн эрэгтэй хүнээс илүү хүч чадалтай байж чадах болов уу?

Цохилтын хүчийг хэмждэг төхөөрөмж рүү 5 бүсгүйг лантуугаар цохиулахад Наталья хол тасран түрүүллээ. Харин Натальяг жирийн дундаж эрчүүдтэй өрсөлдүүлэхэд тэрээр сүүл мушгив. Дүгнэлт: Наталья эмэгтэйчүүд дотроо хүч тамираараа толгой цохиж байгаа ч дундаж эр Натальягаас илүү хүчтэй байна. Тэгэхээр, булчин шөрмөс, олон жилийн дасгал сургуулилт = эрэгтэй хүнээс илүү хүч чадал биш ажээ.

Александр Гавриленко, анагаах ухааны доктор:

Яс урт байх тусам булчингийн хэмжээ их байна, тэгэхээр булчин илүү их ажил хийж чадна. Энэ байдал шууд л хүмүүсийг эрэгтэй эмэгтэйд хуваачихаж байгаа гэсэн үг. Дээр нь, эр гормон тестостероны нөлөөгөөр эрэгтэй хүн илүү их булчин суудаг. Эмэгтэйчүүдэд бол эстроген, прогестерон гэдэг гормонууд байдаг, үүний нөлөөгөөр тэдний бие эмэгтэйлэг шинж чанараар хөгждөг: өөхлөг давхарлаг илүүтэй болохоор хүч чадлаар дутуухан. Эр эм хүмүүс ийм ялгаатайгаар бүтээгдсэн, яах ч аргагүй.

Иймээс ч спортын тэмцээнүүдийг эрэгтэй, эмэгтэйгээр нь хуваан явуулдаг. Феминист үзэл яахав, байгаль, биологийн өөдөөс яах юм! Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү хүчтэй, тэгээд л боллоо!

Бүсгүйчүүд эрчүүдтэй бүхий л талбарт өрсөлдөхийг хүсдэг ч нэг их амжилтанд хүрдэггүйн учир нь эмэгтэйчүүд тэнэг муудаа биш, зүгээр л өрсөлдөх мэдрэмж нь сайн хөгжөөгүйд байдаг аж. Мөн эмэгтэй хүнд “номер нэг” болох гэж зүтгэх зав чөлөө ч хомс: үр хүүхэд, нөхөр сүүдэртээ анхаарал тавих, эцэг эхээ асрах, гэр орны ажил гээд юун эрчүүдтэй түрүү булаацалдах! Тиймээс тэдэнд өрсөлдөх мэдрэмж бараг суугаагүй байдаг хэрэг.

Харин эмэгтэй хүний гол хүч нь сул дорой байдалд нь байдаг биш үү? Ядруухан доройхон амьтанд туслах, түүнийг хамгаалах хүсэл эрчүүдэд өөрийн эрхгүй төрдөг юм шүү дээ. Бас нэг гол зэвсэг нь – бяцхан заль. Хайртыгаа өөрийнхөө дураар байлгаж чадах заль эмэгтэйчүүдэд хангалттай байдаг бус уу?

“Эрэгтэйчүүд ёстой нэг янгууч, өвдөж ч чаддаггүй… “Хэрэв гэрт чинь эрэгтэй хүн өвчин тусчихвал бусад нь амиа хорлосон нь дээр” –энэ ардын хэлц үг нэгийг бас хэлнэ.

Дмитрий Маликов, дуучин:

Ямар ч хүн өвдөөд хэвтэж байхдаа анхаарал халамжинд умбаж байх дуртай байдаг биз дээ? Надад зөгийн балтай сүү өгөөд л, хоолойгоо зайл, эмээ уу гээд л анхаарал тавиад л… халамжлуулаад л хэвтэж байх сайхан шүү дээ…

Халамжилж бололгүй л яахав, хамгийн хэцүү нь эрчүүд эмчилгээ хийлгэх тун дургүй, зүү тариурыг харангуут сүнс нь зайлан эсэргүүцдэг, “ёо-ёо, больё, үхлээ хатлаа, яршиг айж байна” гээд маяглачихна…. Дайны шархыг дув дуугүй тэвчиж чадаж байсан байж одоо болохоор тариа хийлгэхдээ ухаан алдах дөхдгийн учир юунд байдаг юм бол?

Ирина Гончарова, сэтгэл зүйч:

Аливаа учир битүүлэг зүйлээс хүн угаасаа айдаг. Бидний тархи учир битүүлэг сигнал авахаараа айдаг байхгүй юу, тэгэнгүүт өвдөлтийн босго намсаад ирж байгаа юм, дээр нь хүн биеээ хураагаад ирэхээр улам өвдөнө шүү дээ.

Нээрээ, эрчүүдийн өвдөлтийн босго эмэгтэйчүүдийнхээс намхан юм болов уу, эсвэл худлаа маяглаад байдаг юм уу гэдгийг шалгахын тулд 3 залуугийн хөлний үсийг жонтуу түрхэж байгаад хуулав. Энэ ажилбарын өвдөлтийг хүүхнүүд төвөггүй тэвчдэг дээ? Залуус маань яах бол?

Залуус бараг л чичрэн байж хэвтэв. Хөлөнд нь жонтуу түрхэхэд биеээ хураан айж байв. Дараа нь жонтууг хөлнийх нь үстэй хамт огцом хуулахад орилохгүй тэсэх хүн байсангүй. “Жинхэнэ тамлалт байна…” хэмээн нэгэн дуугаар хариулав.

Александр Гавриленко, анагаах ухааны доктор:

Эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёр өөр гаригаас гаралтай гэж хэлж болно. Эмэгтэй хүн бол эр хүнээс хавьгүй төгс байдлаар бүтээгдсэн. Эмэгтэй хүн илүү тэвчээртэй, дасан зохицох чадвар сайтай “хийгдсэн” нь хүүхэд тээх ёстой учраас тэр. Жирэмсний үед нь бие организмд нь өчнөөн өөрчлөлт ордог шүү дээ, адаглаад л биед нь эргэлдэх цусны хэмжээ 1,5 дахин нэмэгддэг, гэсэн ч үүнд бараг ажирахгүй дасан зохицдог. Эрэгтэй хүний цус ингэж нэмэгдэх юм бол бөөн проблем болно. Мөн жирэмсэн үед амьсгалалтын хэм нь өөрчлөгдөхөд эмэгтэй хүн үүндээ маш хурдан дасан зохицдог гэх мэт… Төрөлтийн өвдөлтийг тэсэх учиртай болохоор өвдөлтийг мэдрэх босго өндөртэйгээр “зохиогдсон”…

Халамж хайраас гадна хүүхнүүд эрчүүдээс хүсдэг бас нэг чухал зүйл бол – сайхан амраг байгаасай гэж хүсдэг.

Григорий Крамской сэтгэл зүйч, бизнесийн зөвлөх:

Үнэхээр, 15 -22 орчим насанд, банди нар сексийн тухай охидуудаас хавьгүй их боддог. Охидууд бол энэ насандаа анхаарал халамж, хайр сэтгэл л бодно, сайн л бол үнсэлцэх тухай л боддог. Харин дараа нь, 35 нас өнгөрөөд ирэхээр эрчүүд анхаарал хүндлэлийн тухай илүүтэй боддог болдог бол бүсгүйчүүд эсрэгээр, зөвхөн хайр сэтгэл анхаарал халамжаар хязгаарлагдахгүй, сексийн тухай бодох нь ихэсдэг.

Эрэгтэй хүн ор хөнжлийн зугаанд хэр бол гэдгийг гаднаас нь тодорхойлох арга байдаг уу? Цаг зав болон будаг шунхаа хий үрэхгүйн тулд эр хүний бэлгийн чалхийг гаднаас нь хараад мэдчихдэг байвал… гэсэн хүсэл эмэгтэйчүүдэд байдаг. Тиймээс, тэд энэ тухай их сонирхдог, хоорондоо ярилцдаг. Том хөлтэй эр хүний “нөгөө юм нь” бас том байдаг… африкийнхан, итальчууд, кавказынхан бэлгийн ажилд сайн… халзан толгойтой бол сексэндээ гаргуун… гэсэн “тодорхойлолт” хамгийн их тархалттай байдаг билээ. Үнэн болов уу?

Холливудын ч, Оросын ч халзан толгойт жүжигчид хүүхнүүдийн дунд өндөр рейтингтэй, “сексийн билиг тэмдэг” эрд тооцогддог. Юуны учир вэ? Яагаад халзан толгой хүүхнүүдийн анхаарлыг ингэж их татдаг юм бэ? Халзан толгойтой бол нээрээ сексэндээ сайн гэж үү? Анагаах ухаан үүнийг яг таг баталсан юмуу?

1920-иод онд Америкийн эрдэмтэн Жеймс Гамильтон эрэгтэй хүний халцралтын шалтгаан тестостерон гормоных нь түвшинтэй холбоотой байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн, тэр цагаас хойш ийм цуурхал газар авсан ажээ.

Тестостерон – эр хүний үндсэн гормон. Эр хүний шинж тэмдгүүдийн хөгжлийг тодорхойлдог. Өсвөр насанд эрэгтэй хүүхдийн хүйсийн шинж тэмдгүүдийг хөгжүүлнэ /үс, сахал ургах, дуу хоолой бүдүүрэх г.м./ цаашид бэлгийн дур хүсэл болон бэлгийн чалхийг нь дэмжиж, барьж өгөх үүрэгтэйгээс гадна яс болон булчингийн массыг нь хариуцдаг.

Тестостероны хэмжээ нь бэлгийн чалхтай холбоотой юу гэдэг асуудлыг нэг мөр болгохын тулд халзан болон өтгөн үстэй, янз бүрийн насны 10 эрийг шинжилгээнд хамруулав. Тэдний цусыг шинжлэх замаар тестостероны хэмжээг нь тодорхойлно. Цусан дахь тестостероны түвшин өглөөд хамгийн өндөр байдаг учраас цусыг өглөө эрт авах хэрэгтэй. Ингээд үстэй үсгүй эрсийнхээ цусыг авч шинжлэхэд:

Алексей Кишкун, Оросын оношлогооны лабораторуудын ассоциацийн дэд ерөнхийлөгч:

Лабораторийн шинжилгээний дүнгээр, толгой нь халцарсан болон халцраагүй эрсийн тестостероны түвшинд онцын ялгаа гараагүй болно. Халзан толгойтны тухай цуурхал бол цуурхал л юм гэдэг нь ийнхүү батлгадлаа.

Тестостероны түвшин толгойтой үсний тоотой ямар ч хамааралгүй гэдгийг бид тогтоолоо. Харин тестостероны түвшин юунаас хамаардгийг мэдэж авлаа. Нэгдүгээрт, эр хүний настай нягт холбоотой байдаг ажээ. 40 наснаас хойш тестостероны хэмжээ нэлээд багасч ирдэг. Ахимаг насны эрчүүдийн тестостероны хэмжээ нэлээд багасдаг учраас бэлгийн чалх нь нас ахих тусам унтардаг гэсэн үг.

Хоёрдугаарт, тестостероны түвшин нарны туяанаас шууд хамааралтай гэнэ. Хүн хэдий чинээ нарны туяанд байна – төдий чинээ их тестостерон ялгарна. Үүний учир нь “Д” амин дэм. Энэ амин дэм нарны туяаны нөлөөллөөр биед ялгардаг. Тэгэхээр,африкчууд чалх сайтай гэдэг яриа ортой бололтой.

Гуравдугаарт, тестостероны түвшин биеийн хөдөлгөөнтэй холбоотой. Шургаж унатлаа биеийн тамираар хичээллэх тухай яриагүй байна, харин зохистой хэмжээнд спорт биеийн тамираар хичээллэж байвал, ялангуяа тогтмол хичээллэж байвал тестостероны түвшин болон бэлгийн чалхаа өндөр нас хүртлээ хадгалах боломжтой.

Тэгэхээр, эрэгтэй хүний үс толгойг анхаарах бус, харин таны сонирхож байгаа эрэгтэй хэр идэвхитэй, хөдөлгөөнтэй, спорт биеийн тамирт дуртай юу, эсвэл диван дээр хэвтэж байхыг эрхэмлэдэг үү гэх зэргийг нь харах хэрэгтэй. Харин өнөөх эрхтний хэмжээ дамжаа нь цэвэр удамшлын чанартай, гар хөл хамарны хэмжээтэй ямар ч холбоо байхгүй.

Хамгийн секс эр бол таны хайртай хүн чинь. Үстэй, үсгүй, тарган туранхай, өндөр намхан ямар байх нь хамаагүй, эмэгтэй та хайртай л бол тэр хүн чинь таны хүслийн эр, мөн танд хайр энхрийллээр хариулдаг бол оймс гутлаа тарааж хаядаг ч байсан, тариа хийлгэхдээ уйлдаг ч байсан, хуримын ойгоо санадаггүй ч байсан – таны хувьд хамгийн секс эр!

Google search engine

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here