Эрчүүд ба эмэгтэйчүүд (Man vs Women) (3-р хэсэг)

0
906

Эхний хэсэгт бид хүүхнүүдээ эрчүүдийн нүдээр харчихсан, эрчүүдийн шаардаад хүсээд байдгийг хүүхнүүд биелүүлж чадахуу үгүй юу гэдгийг төрөл бүрийн туршилт хийж байгаад үзсэн, тэгээд, өөрчлөх гэж үзээд нэмэргүй, байгаагаараа байсан нь л хөөрхөн юм байна, бүсгүйчүүдээ байгаа чигээр нь л хайрлах хэрэгтэй юм байна гэдгийг эрчүүд маань ойлгочихсон байгаа. Одоо тэгвэл эрчүүдээ хүүхнүүдийн нүдээр харъя, шалгая, туршилт хийе, батлая, ойлгоё!

“Төгс эрэгтэй гэж хэн бэ?” гэсэн асуултанд эмэгтэйчүүд ийн хариулжээ: “Ухаантай, хүчтэй, халамжтай, гэр орны ажилд тусладаг, аяга тавгаа угаачихдаг, гэрээ цэвэрлэчихдэг, мэдээж ажил төрөл хийдэг, романтик зантай, цэцэг болон бусад бэлэг бэлэглэдэг, оройн зоогонд урьдаг, хүүхдэд хайртай, хамгийн гол нь биднийг сонсож чаддаг байх ёстой… харин хаанаас ийм эрийг олох вэ?”

Ийм эр хүний араас хаашаа ч явахад бэлэн, бүх насаараа хамт амьдрахад бэлэн гэнэ.

“Хүүхнүүд төгс эр хүнийг хэрхэн төсөөлдөг вэ?” гэсэн асуултанд эрчүүд ийн хариулж байна: “Өндөр биетэй, өргөн мөртэй, жинхэнэ тачаангуй “мачо”, халзан толгойтой, мөнгөтэй бөгөөд харамч бус, хөгжилтэй зантай… харин тэд ийм эрийг хаанаасаа олох вэ дээ?”

Эндээс харахад, бүсгүйчүүд эрчүүдээс нэгийг хүсч байдаг, харин эрчүүд тэдний хүслийг буруу тааж байдаг юм байна. Үүнээс болоод нэг нэгийгээ ойлгодоггүй байх нь…

Эмэгтэй хүн бүр өөрийгөө хайр сэтгэлийн харьцааны мундаг шинжээч гэж боддог. Хэнээс ч асуусан “Эрчүүд бүгд яг адилхан хувиа хичээсэн, анхаарал халамжгүй, сексээс өөр юу ч боддоггүй” гэхээс авахуулаад өөр түмэн дутагдал нэрлэх агаад эцсийн дүнд “бүх эрчүүд хөгийн новшнууд” болж хувирдаг. Үнэхээр тийм гэж үү? Арай бүгдээрээ хөгийн новшнууд биш байлгүй дээ?

Эрчүүд бүгдээрээ ямар ч сэтгэлийн мэдрэмжгүй “хөлдүү” улс… Бүсгүйчүүдийн бодлоор эрчүүдийн хамгийн том нүгэл нь анхаарал халамжгүй байдал нь гэнэ. Өнөөх хуучны онигоо байдаг даа: эхнэр нь хорт хийнээс хамгаалах баг өмсөөд нөхрөөсөө “миний юу өөрчлөгдсөн байна” гэж асуутал нөхөр нь харж харж байснаа “хөмсгөө хусчихсан юм уу?” гэдэг? Энэ онигоо ч ортой л эд шүү, эрчүүд ингэж чадна.

Эрэгтэйчүүд ер нь элдэв аар саар зүйлийг анхаардаггүй, хумсаа өөр өнгөөр будчихсан, үсний засалтаа бага зэрэг өөрчилсөн энэ тэрийг бол хэзээ ч анзаардаггүй. Үүнд нь хүүхнүүд гомдоод байдаг: “хүн өөрт нь зориулаад гоё болох гээд хичээгээд байхад анзаардаг ч үгүй”,- гээд. Тиймээс эрчүүдийг анхаарал сайтай байгаасай гэж хүсдэг. Шинэ даашинзыг нь анзаардаг, үс хумсаа гоё болгосныг нь тэмдэглэн тааламжит үгс хэлдэг байхад яадаг юм бэ? Харин эрчүүд бахь байдгаараа, анзаарах ч үгүй, тааламжит үгс хэлэх ч үгүй. Яагаад ингэдэг юм бол? Хүсдэггүй юмуу эсвэл чаддаггүй юм уу?

Хаит Ростислав, жүжигчин:

Эрчүүд өөртөө таалагдсан хүүхнийг эргүүлж байгаа үедээ бол хүүхнийхээ сэтгэлийн хөдөлгөөнийг их сайн анзаарч байдаг: харц, нүүрний хувирал гэх мэтийг. Яльгүй жаахан өнгө аясыг ч анзаардаг. Дараа нь, хүүхнийг өөрийн болгоод ирэх тусам тэр бүрийг анхаарахаа байчихдаг, анхаарах сонирхол нь алга болдог.

Эрчүүдийг “илчлэхийн” тулд туршилт хийе. Нэгэн сэтгэл булаам сайхан хүүхэнтэй 5 залууг уулзуулна. Уулзалт 10 минут үргэлжилнэ, зүгээр л энгийн яриа өрнүүлнэ. Бүсгүй уулзалтанд маш нарийн бэлтгэв: даашинз, туфль, гоёл чимэглэл, цүнх, нүүр будалт зэрэгтээ маш их анхаарал хандуулан бэлдэв. Харин эрчүүдэд энэ бүхэн нь чухал байж чадах нь уу? Тэд бүсгүйн гутал хувцас гоёл чимэглэлийг анзаарах нь уу үгүй юу гэдгийг харъя. Ярилцах явцдаа Рената бүсгүй залуусын анхаарлыг өмссөн зүүсэн рүүгээ татах зорилгоор цагаа хумсаараа тогших, ээмгээ барих мэтийн хөдөлгөөн хийж байв.

Одоо залуусын анхаарлыг шалгахын тулд хүн бүрээр тест бөглүүлье. Бүсгүй ямар өнгийн нүдтэй байна, ямар даашинзтай байсан бэ, хумсны нь лак, уруулын будагны өнгө, хөлөндөө юу өмссөн байв, ээмэг нь ямар гэх мэт асуултууданд хариулт авахад 5 залуугийн нэг нь л даалгаврыг 100% биелүүлсэн бол бусад нь бурж өгч байв: сандаль өмссөн байсныг нь урт түрийтэй гуталтай байсан гэх мэтээр залдаг юм байна.

Та ч гэсэн нөхрөө шалгаад үзээрэй, анх танилцахад би ямар хувцастай байсан, төрсөн өдрөөрөө юу өмссөн байсан бэ гэж асуухад “таг болно доо”.

Альбина Жанабаева, “Виагра” хамтлагийн дуучин:

Миний хувьд, бусад бүх эмэгтэйчүүдийн л адил, жижиг, аар саар зүйлийг анхааралдаа байлгадаг, энэ жижиг юмсаас л хүний ерөнхий төрх бүрддэг шүү дээ. Харин эрчүүд бол аливааг илүү глобальчилж авч үздэг болохоор жижиг сажиг зүйлийг анхаарахгүй л өнгөрнө.

“Тээр, хэлээгүй юу, энэ муу эрчүүд бидний хичээл зүтгэлийг ерөөсөө ойшоодоггүй, ямар ч сэтгэлгүй улс” – хэмээн яллах гэж бүү яар. Харин яагаад эрчүүд “эд ангиуд”- ыг анзаардаггүй юм бол гэдгийн учрыг олох гээд үзье.

Ирина Гончарова, сэтгэл зүйч:

Эрчүүд анхааралгүй дээ биш л дээ, би тэгэж хэлэхгүй. Энд арай өөрөөр ярих хэрэгтэй юм: эр хүн зүгээр л арай өөр зүйлд анхаардаг. Байгалиас зохицуулснаар эмэгтэйчүүд бид жижиг сажиг, аар саар зүйлд хавьгүй их анхаарал хандуулах ёстойгоор “программчилагдсан”, яагаад гэвэл бид чинь үр хүүхдээ төрүүлж халамжлах ёстой шүү дээ, энд аар саар зүйлийг анхаарахгүйгээр хаашаа ч явахгүй. Харин эрэгтэй хүний программ бол огт өөр.

Бүсгүйчүүд эрчүүдийг анхааралгүй гэж буруутгадаг нь буруу: хамаг учир эрчүүдийн харах мэдрэмж өөрөөр ажилладагт байдаг, тэд дүрсийг өөрөөр хүлээж авдаг байна. Тэд “эд ангиудыг” бус, харин дүрсийг бүхлээр нь хүлээн аваад сэтгэл татахаар байна уу үгүй юу гэж шинждэг. Түүнээс биш даашинзны болон хумсны лакны өнгө тэдний сэтгэлд огт үлдэхгүй.

Наталья Ионова, дуучин:

Эрчүүд ер нь нарийн ширийнийг анхаардаггүй улс шүү дээ. Тиймээс, бүсгүйчүүд бид өөрсөндөө чухал санагддаг нарийн ширийн зүйл дээр санаа зовох огт хэрэггүй юм билээ. Эрэгтэй хүн бүхлээр нь л хардаг: бүх зүйл байрандаа байна уу? Байна. Бүхлээрээ түүнд сайхан харагдаж байна уу? Тэгвэл тэгээд л боллоо.

Гэхдээ энэ нь эрэгтэй хүнд таны гаднах байдал огт падгүй гэсэн үг биш. Цэвэр цэмцгэр, аятайхан байдлыг чинь заавал дүгнэнэ. Хаа хамаагүй өнгийн оймс, дэндүү ихдүүлсэн будалтыг чинь, эсвэл муухай цүнх гэх зэргийг тэд шууд анзаардаг, гэхдээ тийм айхтар анхааралтайдаа биш, харин энэ нь бүхэлдээ гоё дүрсийг бий болгож өгөхгүй тасраад байгаа “эд анги” учраас л хараанд нь өртдөг!

Ирина Гончарова, сэтгэл зүйч:

Түүнд байгалиас өгөгдсөн үр удмаа үлдээх тухай программ нь шууд ажиллаад эхэлдэг, шууд л тухайн эмэгтэй түүнд тохирч байна уу үгүй юу гэдгийг дотоод ухамсрынхаа түвшинд дүгнэчихдэг, ердөө л эхний 30 секундэнд: минийх үү, минийх биш үү…

Ийнхүү, эрчүүд маань хэнэггүйдээ биш, зүгээр л аар саар, нарийн ширийнийг анзаарах чадвар байгалиас заяагаагүй учраас л бидний шинэ гоёлыг анзаардаггүй ажээ. Тэгэхээр харамсаж гуниглахын оронд эрчүүдийн энэ онцлогыг нь ашигласан нь дээр биш үү? “Түүнд зориулж” шинэ гоёл авч мөнгөө үрэх шаардлагагүй: хаашдаа анзаарахгүй юм чинь яах юм? Тэр таны ерөнхий дүр төрхийг л хүлээн авахаас биш таны ямар гутал өмссөнийг огт анхаарахгүй нь! Хэрэв та түүнд таалагдвал – байгаагаараа л таалагдана.

Дмитрий Маликов, дуучин:

Хэрэв эмэгтэй хүн үсний засалтаа эрс өөрчилсөн байвал тэрээр амьдралдаа томоохон өөрчлөлт хийхээр шийджээ гэсэн үг. Тийм болохоор, эрчүүдэд зөвлөхөд, хэрэв таны хайртай бүсгүй гаднах байдалдаа томоохон өөрчлөлт хийгээд байгаа харагдвал анхааралтай бай: хайртад чинь ямар нэгэн юм таалагдахгүй байна гэсэн үг.

Өнөө цагт, зөвхөн Москвад л гэхэд, 10 гэрлэлт тутамд 6 гэр бүл цуцлалт ноогдож байна. Салалтын шалтгаан нь янз бүр, үүн дотор “шүдний оог дандаа таглахгүй орхидог” гэх шалтгаан ч байдаг гэнэ.

Хүүхнүүдийн бухимдлаас:

Оймсоо тайлаад л хаа хамаагүй орхичихдог, ёстой боож үхмээр… энэ ч ёстой хамгийн аймаар эд шүү… шүдний сойзоо байх ёстой саванд нь хийчихнэ гэж ерөөсөө байхгүй, зүгээр л тавиур дээр шидчихдэг… оогоо таглахгүй орхидог… хогоо цаг тухайд нь асгачихдаггүй, заавал хэлүүлж байж асгадаг… харамч нарийн зан… архи уудаг…

Альбина Жанабаева, дуучин:

Үгүй яахав дээ, эрэгтэй хүний хувьд оймс хувцсаа тайлсан газраа орхих бол сүйд болоод байх том зүйл биш л байхгүй юу. Тэр чинь глобаль зорилго руугаа /жишээ нь, хөргөгч рүү/ явж байхдаа өөр аар саар зүйлийг тоохгүй шд, тайлаад, шидээд л явна, замдаа байгаа зүйлүүдийг харах ч үгүй.

“Бүх эрчүүд жинхэнэ заваан гахайнууд. Бүүр цусанд нь шингэчихсэн. Өлгийтэй байхаасаа л хамаг юмаа энд тэнд шиддэг, тэгээд том болсон ч юу ч өөрчлөгдөхгүй, өнөөх л зангаараа” – үүн дээр бүх эмэгтэй санал нийлдэг. Хамгийн уур хүрмээр нь: дараа нь тэгээд юмаа олохгүй, “миний тийм юм хаана байна?” гээд нэхээд суучихна….

“Бүх эрчүүд жинхэнэ заваан гахайнууд. Бүүр цусанд нь шингэчихсэн. Өлгийтэй байхаасаа л хамаг юмаа энд тэнд шиддэг, тэгээд том болсон ч юу ч өөрчлөгдөхгүй, өнөөх л зангаараа” – үүн дээр бүх эмэгтэй санал нийлдэг. Хамгийн уур хүрмээр нь: дараа нь тэгээд юмаа олохгүй, “миний тийм юм хаана байна?” гээд нэхээд суучихна…

Хөргөгчнөөс зөөхий аваад ирээч гэхэд хөргөгчний хаалгыг онгойлгоод гацчихна, тэгэж байснаа: хаана байгаа юм бэ?.. чи яахаараа дандаа надаас идэх юмаа нууж байдаг юм бэ?.. гэнэ гээч? Яг нүдэн дээр нь байж байхад л харахгүй шүү… Яахаараа ингэдэг байна аа?

“Нялх хүүхэд шиг л асаргаанд байх юм, залхаж байна” – хэмээн эхнэрүүд бухимддаг. Хувцасны шүүгээнээс өөрөө хувцсаа олоод өмсчихдөг байгаасай хэмээн хүснэ. Эрчүүд нээрээ ийм арчаагүй гэж үү? Шүүгээн дотроос хувцсаа олох тийм хэцүү юм болов уу? Туршилт хийе.

Эхнэр нөхөр хоёр. Хувцасны шүүгээн дэх эвхэж тавьсан хувцас хунарных нь байрлалыг өөрчлөөд тавив. Даалгавар: судалтай сорочкан цамц, цэнхэр футболк, улаан жемпер, хар оймс – эдгээрийг аль болох хурдан хугацаанд олох.

Эхлээд нөхөр нь хайв. Гурван минут хайсны эцэст сорочкан цамцаа оллоо. Дахиад хоёр минут онгичиж байж футболкаа, мөн хоёр минутын дараа улаан жемперээ бас олов. Харин хар оймсыг олно гэдэг түүний хувьд хүчрэшгүй эд байжээ. Тэгээд эхнэртээ очоод “оймс… олдохгүй байна” гэв. Нүдэн дээр чинь л байгаа байх даа гээд очиход яг л тийм байв.

Хувцсыг дахин холиод эхнэр нь даалгаврыг хэрхэн биелүүлэхийг харав. Гурван минут хүрэхгүй хугацаанд бүх зүйлийг олчихлоо!

Дүгнэлт: эрчүүд өөрийнхөө хувцасны шүүгээнийхээ орон зайд зүг чигээ алдчихдаг юм байна. Хувцас эд зүйлсийг нь эхнэрүүд нь, долир сохороор нь дуудан байж олж өгдөг… Харин хэрэг дээр бол хөөрхий муу эрчүүд маань залхуурсандаа “чи олоод өгөөч” гээд байдаггүй: тэд өөр байдлаар хардаг, нүд нь өөрөөр ажилладаг юм.

Григорий Крамской, сэтгэл зүйч, бизнесийн зөвлөх:

Аливаа анчин хүний хараа “мэргэжлийн” байдаг: түүний булангийн хараа нь зөвхөн аюул заналыг л анзаардаг. Тэгэхээр оймс мэтийн аюулгүй жижиг зүйлийг огт анзаарахгүй байх нь аргагүй л дээ. Эрэгтэй хүний хараа эгц урагшаа зүгт л сайн ажилладаг: олзныхоо араас гүйхэд энэ л чухал байсан болохоор “туннелэн хараатай” болчихсон байхгүй юу. Нүдний булангийн хараа нь эмэгтэй хүнээс хавьгүй муу хөгжсөн байдаг, эмэгтэй хүн “хажуугийн” хараагаараа эрэгтэйгээс дор хаяж 45 градусаар өргөнөөр харж чаддаг. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн баруун зүүн тал болон дээр доор байгаа байгааг нэгэн зэрэг харж чаддаг гэсэн үг. “Чи чинь одоо ардаа нүдтэй юм шиг!”,- хэмээн эрчүүд уулга алддаг биз дээ?

Хүүхнүүд бол урдаа байгааг нүд салгахгүй анаад хараад байхдаа муухан. Машин жолоодоод явж байхдаа замын хажууд нэгэн эмээ төмс зарж байгааг хараад хамгийн зүүн талын эгнээнд явж байснаа баруун эгнээ рүү аюул осол байна уу үгүй юу гэдгийг харах ч үгүй л зүтгэнэ шүү дээ? Гэр бүлээ хооллох бодол толгойд нь ороод ирэхгүй юу.

Балар эртний үеээс л байгаль ээж эрчүүдэд ан агнуур хийх үүрэг оноосон, тэгэхээр тэдний бие организм нь ан агнуур руу чиглэсэн байдлаар бүтээгдсэн хэрэг. Тэгэхээр ан гэдэг чинь нэг доороо зогсоод байж байдаггүй хөдөлж байдаг учраас эрэгтэй хүн аливаа хөдөлж байгаа зүйлсийг анхаарч тэмдэглээд сурчихсан байдаг юм, зам дээр яваа машинуудыг ч, аятайхан бүсгүйг ч… Харин хөдөлгөөнгүй байгаа юмыг хамгийн сүүлд л харна, тийм учраас л хувцасны шүүгээнээсээ оймсоо олчихож чадахгүй байгаа юм. Эмэгтэйчүүд болохоор эрт дээр үеээс хөдөлгөөнгүй байж байгаа идэшний ургамал мэтийг түүж цуглуулж ирсэн учраас эдүгээ ч хөдөлгөөнгүй байгаа юмсыг сайн хардаг хэвээр. Тэгэхээр эр нөхөртөө шүүгээнээс хувцас хунарыг нь гаргаад өгөх үүргийг байгаль түүнд оноосон гэж хэлж болно.

Эрчүүд чинь залхуурсандаа, худлаа маягласандаа “олоод өг” гээд суугаад байдаг бус, угаасаа чадахгүй учраас л ингэдэг гэдгийг ойлгож, уурлаж уцаарлалгүйгээр эд юмсыг нь олж өгчихөөд байвал таныг хамгийн сайн эхнэр хэмээн өргөмжлөн хайрлана шүү дээ!

Дмитрий Маликов, дуучин:

Бид чинь гэр орны, ахуйн юмыг ер нь бодоод байдаггүй шүү дээ, үргэлж ажил төрөлтэй /олз омог!/ холбоотой зүйл л бодож байдаг улс. Харин бүсгүйчүүд маань ар гэрээ зохицуулахдаа сайн, бид бол чадахгүй. Би л гэхэд ерөөсөө гэртээ байгаа юмыг олж чаддаггүй, хаа барьж явсан газраа тавьчихаад дараа нь хайгаад хайгаад олохгүй, нотноосоо авахуулаад цайны аягаа хүртэл. Гал тогоондоо очоод цай хийх гэтэл тэнд нэг ч аяга байдаггүй, би өөрөө бүгдийг нь гэрээрээ нэг тараачихсан байдаг юм…

Google search engine