Нарны нүдний шилийг хэрхэн зөв сонгох вэ?

0
1964

Өнөөдөр бидний байнгын хэрэглээ болсон нарны шил нь зүүж байгаа хүнийхээ стиль имижийг тодорхойлоод зогсохгүй нүдний харааны аюулгүй байдал хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байх шаардлагатай юм.

Нүдний эрүүл мэндэд зөвхөн нарны хэт ягаан туяа ч биш мөн нарны хурц гэрэл ч хор хөнөөл учруулж байдаг. Хэт ягаан туяаг шүүх зориулалттай буюу UV фильтертэй шил нь сөрөг нөлөөг бууруулах зориулалттай байдаг ч эсрэгээрээ фильтергүй энгийн шилнүүд, тэр дундаа хуурамч дуураймал шилнүүд хэт ягаан туяаг харин ч их хэмжээгээр өөртөө татаж шингээх аюултай байдаг.

Нас ахих үед нүдний эрүүл мэндийн асуудлууд сөхөгдөж эхэлдэг ба энэ нь залуудаа нүдний эрүүл мэнддээ анхаараагүй олон жилийн туршид нүдэндээ авч байсан үл анзаарагдах жижиг гэмтлүүд хуримтлагдсанаас болж үүссэн сөрөг үр дагавар байдаг. Чанаргүй шил зүүж явснаар хүн хүссэн хүсээгүй нүдний эргэн тойронд үрчлээс сууж анзаарахгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсдэг. Энэхүү үйл явц даамжрахад нар салхи орчны бүх л хүчин зүйлс нөлөөлөх нь аргагүй юм.

Эксимосчуудын бэлэг

Фараон Тутанхамоны булшнаас археологичид орчин үеийн нарны шилтэй төстэй зүйлийг олсон ба энэ нь маргад чулууг нимгэн зүсэж хүрэл хийцээр холбосон байжээ. Эртний хятадад эмэгтэйчүүд нь нүдээ хамгаалах үрчлээ суухаас сэргийлэх зорилгоор кварцан шил эсвэл өнгө оруулсан шилтэй төстэй материалыг ашиглаж хийсэн шил зүүдэг байсан байна.

Япончууд оосортой нүдний халхавч зүүдэг байсан бол энэтхэгчүүд давирхай ашиглан туузыг нүднийхээ дээд талд нааж ашигладаг байжээ. Гэрлийн тусгалыг нарийсгаж гялбаанаас хамгаалдаг ясан нүдний шилийг анх эксимосчуудын дунд үүссэн гэж үздэг. Харин шилэн материал ашиглаж хийсэн анхны шил ердөө 200 орчим жилийн өмнө францад Напалеоны армид үүссэн юм байна. 1929 онд АНУ-д Сэм Фостер гэдэг хүн наран шарлагын газруудад зориулж хямд үнэтэй нарны нүдний шилийг олон тоогоор анх үйлдвэрлэж эхэлжээ.

Дэлхийн 2-р дайны үед АНУ-ын тэнгисийн цэргийн хүчнийхний зайлшгүй хэрэглэх ёстой хэрэгслийн нэг нь нарны шил болсон байна. Тэр үед хэт ягаан туяаг бүрэн шүүх чадвартай нарны шилийг анх гарган авчээ. Энэ үеэс л эрдэмтэд нарны шилийг эрт хөгшрөлт, үрчлээс суух, нүдний харааны гэмтэл зэргээс хамгаалахын тулд судалгаа хийж эрчимтэй ажиллаж эхэлжээ.

Өөртөө таалагдсан өнгөө л сонго!

Тэгэхээр шилэн материалтайг сонгох уу хуванцрыг сонгох уу? Шилэн материалтай нарны шил хуванцрыг бодвол хэт ягаан туяаг шүүх чадвар харьцуулшгүй илүү зурагдах нь ч бага. Гэхдээ хагарах тохиолдолд нүд гэмтээх аюултай мөн жингийн хувьд хуванцраас илүү ялангуяа хүүхдүүдэд зүүлгэхэд тохиромжгүй. Хуванцар линз шилтэй харьцуулахад тусгай технологи ашиглаагүй бол хэт ягаан туяаг шүүдэггүй тул нүд гэмтээх сул талтай гэхдээ хөнгөн жинтэй гэдгээрээ давуу.

Зах зээл дээр хэт ягаан туяаг шүүх чадвартай тусгай химийн найрлагаар гаргаж авсан хуванцар линзтэй нарны шилнүүд худалдаалагддаг боловч тийм чанартайг нь баталгаагүй газруудаас олж авна гэдэг юу л бол. Орчин үеийн тусгай химийн найрлагатай хуванцар линз үйлдвэрлэх чадвартай улсуудыг Канад, Герман, Франц зэрэг улсууд тэргүүлдэг. Орчин цагийн хуванцар линз үйлдвэрлэхэд химийн тусгай бодис ашигладаг.

Энэхүү линзний гадаргуу дээр бүрээс маягаар ашигладаг бодис нь чийг тусгаарлах, гэрэл бууруулах, толь шиг гэрэл ойлгох гэх мэт олон зориулалтаар ашиглагддаг өөр өөр бодисууд байдаг. Хуванцар линзний эдгээр бүрхүүлүүд нь нэг болон олон давхаргат  гэж байдаг ба нүд, харааны аюулгүй байдлыг бүрэн хангадаг юм. Хуванцар линзтэй шил сонгоход тавигдах гол шаардлага нь мэдээж хэт ягаан туяаг шүүх чадвар нь байх ёстой. Хэт ягаан туяа нь дотроо A болон B гэсэн хоёр төрөлд хуваагддаг юм байна. Нүдний эмч мэргэжилтнүүд B туяаг илүү аюултай гэж үздэг.

Чанартай брэндийн нарны шилний шошгон дээр  “Blocks at least 90% UVB and 60% UVA” гэсэн бичиг байдаг гэхдээ энэ тоонууд бага зэрэг өөрчлөгдөх тохиолдол бий. Энэ тэмдэглэгээг тайлбарлавал Хэт ягаан туяаны B цацрагийг 90% шүүнэ, хэт ягаан туяаны A цацрагийг 60% шүүнэ.. гэж ойлгож болно. Брэнд нарны шилэн дээр линзний шүүх цацрагийн долгионы уртыг ч бас тэмдэглэдэг. 400 нм (нано метр) урттай хамгаалах линз нь нүдийг бүрэн хамгаалах чадвартай гэж үзнэ. Хэрэв дээрх хэмжээнд хүрэхгүй бол шаардлага хангахгүй байх нь.

Өөр нэг үзүүлэлт байдаг нь хугарлын индексүүд юм. Эдгээр нь 1.4, 1.5, 1.6 гэх мэт байдаг. Энэ коэффициентууд өндөр байх тусам линз илүү нимгэн тунгалаг болдог. Линзний чанарыг хүн өөрөө тодорхойлох боломжтой. Дөрвөлжин хээтэй даавуу аваад дээр нь нүдний шилээ тулгаж тавихад  сайн линз байх тусмаа хээний дүрс хувиралгүй гажуудаж мурийхгүй харагддаг. Удаах цаг хугацаа шаарддаг арга нь хэсэг хугацаанд зүүхэд зүүсэн нүдний эргэн тойрон наранд борлохгүй цайвар хэвээр үлдэж байгаа бол сайн линз гэсэн үг.

Өнгөний тал дээр бас тусдаа яриа болно

Фотохромны линз буюу хамелеон линз нь гэрэлтүүлгээс хамаарч нүдэнд хамгаалалт тав тухыг бий болгодог. Гэхдээ ийм линзүүд бууруулах чадвар нь өөр өөр зарим нь сул зарим хүчтэй байдаг. Ер нь жигд бууруулдаг бол нүд ядрах нь  бага байна. Нарлаг өдөр хар юм уу бор нарны шил илүү тохиромжтой, харин бүрхэг өдөр зохимжгүй харагддаг.

Нарны хурц гэрэлгүй үед бараан шил зүүх нь хүүхэн харааг томруулдаг. Бараан шилний цаанаас хүчилж харах үед хүүхэн хараа томорч хэт ягаан туяанд өртөх эрсдэл үүснэ. Иймээс цайвар линз өнгөт линзүүдийг сонгож болох юм. Гэхдээ линзний чанарт анхаарахаа мартаж болохгүй. Үүлэрхэг өдөр цайвар болон бусад олон өнгийн линзүүд хүүхэн харааг нарийсгаж танд нүдээ хамгаалах боломж олгодог ч өнгөт линзүүдийн сул тал нь сүүдрийг өөрчилдөг тал бий.

Тиймээс өнгөт линз нь ялангуяа  жолооч нарт дэмий гэхдээ сайн чанарын линзүүд энэ сул талыг хамгийн бага байхаар хийгдсэн байдаг. Та нарны шилний сонголт хийхдээ хүүхэн хараагаа хамгаалах төдийгүй нүдний эргэн тойрны арьсыг үрчлээтэхээс хамгаалах зорилгоор сонгож байгаарай тэгвэл үрчлээс бага байх болно.

Хүрээ буюу манайхны хэлж заншсанаар рамны тухайд

Хамгийн тохиромжтой материал нь нейлон материал, уг материал нь нугалахад анхны хивэндээ буцаж ордог. Нарны шилний хүрээг үйлдвэрлэхэд ацетат целлюлоз, тусгай төрлийн хуванцрууд, ган төмөр, титан хайлш зэргийг ашиглана. Сонголт хийхдээ зүүж шалгах хэрэгтэй хамар болон нүд орчмын  аль нэг хэсэгт холгох нухах зэрэг мэдрэмж төрүүлэх ёсгүй.

Толгой хазайлгахад унахгүй гулсахгүй хэмжээ нь таны нүүр царайнд харьцааны хувьд зохимжтой байх ёстой. Хэрэв дөрвөлжин нүүртэй бол дугуйдуу хэлбэртэй, дугуй нүүртэй бол өнцөгтэй нүдний шил нь царайг эвтэйхэн харагдуулна. Урт нүүртэй бол хүрээ томтой том шил байх нь зүгээр. Хурц эрүүтэй бол нарийхан нимгэн хүрээтэй элдэв хурц өнгөгүйг сонгох нь зөв. Гонзгой нүүртэй хүмүүст бараг бүх хүрээ зохимжтой харагддаг төгс хэлбэр юм. Бүх нарны шил Европын Холбооны  89/686/ЕЕС аюулгүйн баталгааг, EN 1836–2005 гэсэн техникийн шаардлагыг хангасан байх ёстой.

Google search engine