Эрчүүд ба эмэгтэйчүүд (Man vs Women) (1-р хэсэг)

0
438

Эрчүүдийн бодлоор төгс эмэгтэй гэж шаргал үстэй, өндөр гоолиг биетэй, С размерын хөхтэй, дуу цөөтэй, даруухан ичимхий зантай, сайхан хоол хийж чаддаг, тэгээд хамгийн гол нь нөхөртөө үнэнч – ийм эмэгтэй байх ёстой гэнэ. Ийм эмэгтэйг тэд насан туршдаа хайрлахад бэлэн гэж хариулж байна.

Харин эмэгтэйчүүдээс “Төгс эмэгтэй ямар байх ёстой вэ” гэж асуухад тэд: “Эмэгтэй хүн царайлаг, гоолиг, ухаантай, гоё “стильны” хувцасладаг, гэртээ суудаггүй – ажил хийдэг, харьцахад сонирхолтой – ийм эмэгтэй байх ёстой гэж хариулж байна.

Эмэгтэйчүүд ерөнхийдөө бүгд – тэнэг, ухаан муутай хэмээн эрчүүд санал нийлдэг. Тэдний бодлоор, эмэгтэйчүүд хоёр хэсэгт хуваагддаг аж: “үнэн эгдүүтэй тэнэгхэн” ба “аймаар тэнэг”. Эмэгтэй сэтгэхүй гэсэн нэр томъёог ч эрчүүд зохиосон бөгөөд үүнийг цааш нь задруулах юм бол “ямар ч утгагүй, авцалдаагүй байдлаар, хаа хамаагүй хадуурч сэтгэдэг, нэг үгээр хэлбэл эмэгтэй хүнд сэтгэхүй гэж огт байхгүй -” гэж задарна. “Эмэгтэйчүүд ухаантай, зөв, дэс дараатай сэтгэдэг байсан бол сайхан байх байлаа”,- хэмээн эр хүйстэй бүхэн л харамсдаг гэнэ.

Оросын шинжлэх ухааны академийн хүн судлалын институтын мэдрэлийн системийн хөгжил судалгааны лабораторийн эрхлэгч Сергей Савельев:

Хамаг учир эмэгтэй хүний тархи эрэгтэй хүнийхээс бага байдагт оршдог юм. Тэгэхээр байгаль ээж эмэгтэй хүний тархинаас ямар нэгэн юм хасч байж л хэмжээг нь бага болгож таарна аа даа? Гэр бүлийн амьдралд нэг их хэрэгцээгүй, золиослочихож болохоор юу байж таарах вэ? Юуг хасч болох байв? Харах мэдрэмжнээс нь үү? Үгүй, болохгүй, эмэгтэй хүнд энэ байх ёстой чухал мэдрэмж: “цоожны нүхээр” яаж шагайх юм, хэрэгт дуртай амьтад чинь? Үнэрлэх? Бас болохгүй, бэлгийн феромонуудыг мэдрэхгүй байж болохгүй шүү дээ? Сонсох? Юу гэж дээ, “дэлдэн чихнийхээ” тусламжтайгаар тэд чинь эрчүүдийн юу ярьж байгааг тагнуулдах ёстой юм байгаа биз дээ? Тэгэхээр тархинд байдаг сэтгэлгээний төвүүдээс нь танасан байгаа юм. Ухааныг нь богиносгосон гэсэн үг.

Хэрэв буруу сэтгэдэг эмэгтэй сэтгэхүй гэж байдаг юм бол зөв сэтгэдэг эрэгтэй сэтгэхүй гэж байдаг гэсэн үг, тийм биз? Эрэгтэй эмэгтэй хүний сэтгэхүй үнэхээр тийм их ялгаатай байдаг гэж үү? Туршилт хийгээд үзье.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүст нэгэн богино хэмжээний дүрс бичлэг үзүүлэв. Бичлэгт нэгэн эмэгтэй нөхрийнхөө эзгүйд шургуулган дотроосоо гоёл чимэглэлийн хайрцаг гаргаж ирээд бодол болон гиюүрсэн байдалтайгаар доторхийг нь үзэж байна. Нөхөр нь гаднаас орж ирэх дуунаар нөгөөх хайрцгаа бушуухан шиг буцааж хийгээд гэмгүй царай гарган нөхөр рүүгээ харан инээмсэглэв. Асуулт: Энэ бүсгүй нөхрөөсөө юуг нуув?

Хүүхнүүдийн хариулт: хайрцган дотор нь урьдах амьдралтай нь холбоотой юм байгаа байх… нууц амрагийнх нь захиа зурваснууд… шүлэг… зурагнууд… энэ харьцаагаа дуусгах уу, үргэлжлүүлэх үү гэж бодож байна… хайрцганд жирэмсний тест байгаа байх, гэхдээ өөрийнх нь биш, өөр хүнийх. Нөхрийгөө яахыг нь үзэх гэж хүнээс худалдаж авсан байх, хэрэг болсон үед үзүүлэх гээд…

Эмэгтэйчүүд шууд л, эхнэр нь нөхрөөсөө юу нуугаад байна гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэн хариулж байгаа биз? Хайрцаг дотор юу байгаа талаар л яриад байв.

Эрчүүдийн хариулт: эхнэр нь нөхрөөсөө нэг хайрцаг нуучихлаа… ягаан хайрцаг нуусан…. хайрцаг л нуучихлаа шүү дээ….

Бүх эрчүүд ингэж хариулав. Шууд асуулт – шууд хариулт. Тавигдсан асуултанд л хариулж байна гэсэн үг. Харин хайрцганд юу байгаа, яагаад түүнийг нууж байгаа, ер нь тэнд нөхрөөсөө нуух юм байгаа юу үгүй юу гэдэг нь өөр асуудал, энэ тухай бол асуугаагүй гэдгийг туршилтанд оролцсон бүх залуус ойлгож байжээ.

Туршилтаар, эрэгтэй эмэгтэй хүн асуудлыг өөр өөрөөр хүлээж авч хардаг гэдэг нь батлагдаж байна. Эрчүүд – бодит, байж байгаа зүйлийг л анхаардаг бол эмэгтэйчүүд байгаа бодит зүйлд анхаарлаа хандуулдаггүй, бодол нь өөр тийш ургаад явчихдаг гэдэг нь харагдав.

Эхнэр нөхөр хоёр ямар нэгэн үдэшлэгт ч юмуу олон хүнтэй танхимд орж ирлээ гэхэд байгаа дүр зургийг өөр өөрөөр харан өгөгдлийг боловсруулж эхэлдэг. Эрэгтэй хүн юун түрүүнд тухайн танхимыг анзаараад авдаг: орох гарах хаалга болон цонхнуудын байрлал, хэр олон хүн байна гэх мэт. Харин эмэгтэй хүн хүмүүсийн хоорондын харьцааг шууд харж эхэлдэг. Хэн нь хэнтэй ямар харьцаатай юм байна гэдгийг мэдрээд явчихдаг. “Энэ хоёрын дундуур нэг юм гүйсэн бололтой” гэх мэтээр маш сайн мэдэрдэг. Эрэгтэй хүн бол огт анзаарахгүй сэтгэл санаатай холбоотой аар саар зүйлийг эмэгтэй хүн анзаарч чаддаг.

Үнэхээр, эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр өөр сэтгэхүйтэй юм байна. Харин энэ нь эмэгтэй сэтгэхүй эрэгтэйгээс муу гэсэн үг мөн үү?

Сэтгэл зүйч Игорь Толмачев:

Эмэгтэй хүний сэтгэхүй эрэгтэйнхээс өөр зүгт байдаг. Үүнд биологи “буруутай”. Ерөнхийдөө хүмүүн бидний мөн чанар бол олон сая жилийн өмнөх шигээ л хэвээр байгаа юм шүү дээ: анчин эрийн зарчим бол – ал, эсвэл зугт, ийм л байсан. Амьд үлдэхийн тулд тэрээр маш хурдан хугацаанд зөв шийдвэр гаргах ёстой байв: алах уу, зугтах уу? Харин эмэгтэйчүүд бол аюулгүй тайван байдалд, агуйдаа байж байдаг байсан учраас тэдэнд хурдан бодож шийдвэр гаргах хэрэгцээ байсангүй. Тийм болохоор эмэгтэй хүн аливаа ахуйн асуудалд хэд хэдэн хувилбарын шийдвэр эргэцүүлэх боломжтой байж.

Ийм учраас эмэгтэй хүнтэй маргана гэдэг хэцүүхэн асуудал байдаг. Эрэгтэй хүний гаргаж тавьсан ултай суурьтай баримттай зүйлийн эсрэг эмэгтэй хүн зуу зуун няцаалт олж чаддаг. Эрчүүдийн амыг тагладаг хамгийн гол няцаалт нь – “яадгийн тэгээд?..”. Нээрээ л маргахын аргагүй байгаа биз?

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг өөрсөн шигээ сэтгэдэг байгаасай гэж хүсдэг, харин энэ нь угаасаа боломжгүй зүйл юм, яагаад гэвэл тэдний сэтгэхүй цаанаасаа, байгалиас өөрөөр заяагдсан. Эрэгтэйнхээс дороор биш, зүгээр л өөрөөр заягдсан!

Эмэгтэй хүнээс эр сэтгэлгээг хүлээгээд нэмэргүй, тэгснээс эм сэтгэлгээг нь хүлээж аваад дуугүй байж байсан нь бараг өлзийтэй. “Хэрэв эмэгтэй хүн буруутай байвал түүнээс уучлалт гуй” – гэдэг хэлц зүгээр ч нэг бий болоогүй бололтой…

Эрчүүд өөрийнхөө төсөөллийн төгс эмэгтэйг бүх насаараа хайрлана хэмээн хайгаад хайгаад олж чаддаггүй, тэгээд мөрөөдлийн төгс эмэгтэйгээ хажуугаараа өнгөрөөчихөж гэж боддог. Ингэхэд, ер нь эрчүүдийн тэр хүсээд хүлээгээд байдаг төгс эмэгтэй гэж байдаг юм уу, энэ хорвоод?

Эрчүүдийн ярианаас:

“Нэг юманд явах болоход улаан даашинз өмсөх үү, харыг өмсөх үү гээд бөөн юм болно, хэдэн цаг сонголтоо хийнэ, 10-20 удаа бодлоо өөрчилнө… Яг гарах гэж байснаа “үгүй ээ, Лена бас хар даашинзтай ирчихэж магадгүй” гээд л эргэж буцаад… би ерөөсөө ойлгохгүй байна, ямар ялгаа байгаа юм бэ, алийг нь ч өмссөн яадаг юм?…”

“Өөрөө өөрийнхөө зургийг авч байгаа эмэгтэйг харахад… ёо… үүн шиг аймаар юм байхгүй байх…”

“Эмэгтэйчүүд цаг барьдаггүй, дандаа хожимдож ирдэг… худлаа ярьдаг…”

“Хүүхнүүд бүгд чалчаа, ам нь хуурай байна гэж байхгүй… яриад л байна, яриад л байна, үнэн ядаргаатай…”

Тийм ээ, хүүхнүүд ярих дуртай. Утсаар хэдэн цаг ярина, хамт суугаад кино үзэхэд дуугүй үзнэ гэж байхгүй, эгээтэй л спортын тайлбарлагч аятай… Тэдний алдарт “яриа хөөрөө ч үгүй юу?..”!!! Энэ бол эрчүүдийг хамгийн их бухимдуулдаг зүйл.

Бүсгүйчүүдийг элдэв долоон юм чалчдаггүй, зөвхөн хэрэгтэй зүйл л ярьдаг байгаасай гэж эрчүүд хүсдэг. Эмэгтэйчүүд үнэхээр тийм чалчаа юу? Бас нэг туршилт хийе:

Өрөөнд нэгэн зөөлөн тоглоом тавиад гурван эмэгтэйг тийш нь оруулав. Даалгавар: энэ тоглоомыг хараад дүрсэлж хэлэх. Хүүхнүүд өрөөнд орж ирээд тоглоомыг харснаа “өө, энэ чинь мэлхий юм биш үү?…. ямар инээдтэй амьтан бэ… Чернобылийн цацраг идэвхит туяны нөлөөлөлд орсон мэлхий юм байна л даа… үгүй ээ, харь гаригийн амьтан байна… нүд нь өвчилчихсөн аварга хулгана байна аа…” гэх мэтээр хөхрөлдөн ярилцаж эхлэв. Энд нэг зүйлийг анхааруулахад, эдгээр бүсгүйчүүд нэг нэгийгээ огт танихгүй, дөнгөж сая л нүүр тулж байгаа улсууд. Гэтэл ердөө л 15 секунд өнгөрөхөд хэзээ язааны танилууд, найзууд мэт яриа өрнүүлээд эхэлж байгааг харахгүй юу? Бүр салах янзгүй гээч…

Одоо өнөөх тоглоомыг гурван залууд үзүүлье. Залуус өрөөнд орж ирээд ганц ч үг хоорондоо солилгүй, нэг нэг рүүгээ ч харалгүйгээр, зөвхөн тоглоомыг л ширтэж байснаа гараад явлаа.

Одоо тэд үзсэнээ хэрхэн дүрсэлж ярихыг нь сонсъё:

Эрчүүд:

1. “Өрөөнд зөөлөн тоглоом байсан, нэг тийм, сонин амьтан: 4 гартай, 2 хөлтэй, нүд нь хачин байрлалтай, тээр дээрээ”

2.“Зөөлөн тоглоом байсан, 5 шүдтэй, 4 гартай, том амтай, ам нь улаан. Буруу хийгдсэн мэлхий юмуу гэмээр хачин амьтан.”

3.“Харь гаригийн амьтан”

Харин хүүхнүүд тоглоомыг дүрслэх гэхээсээ илүү түүнээс ургуулан бодсон түмэн зүйл ярив.

Ийнхүү, эрчүүд “юу харснаа ярих” гэсэн даалгаварыг л яг таг биелүүлсэн бол хүүхнүүд “ургуулан бод” гэсэн даалгавар авсан мэт бүгд өөр өөрийн, бүхэл бүтэн үлгэр зохиож ярьлаа. Дүүд нь тийм тоглоом байхгүй гэдгийг ч дурьдаад авав. Энэ туршилтаас харахад эмэгтэйчүүд нээрээ л хаа хамаагүй олон юм ярих дуртай ажээ. Үүнд шинжлэх ухааны тайлбар байдаг болов уу?

Сэтгэл зүйч Игорь Толмачев:

Үнэхээр, бүсгүйчүүдэд хэл ярианы харьцаа илүү их хөгжсөн байдаг. Эрдэмтдийн тогтоосноор, эмэгтэй хүн өдөрт 21000 – аас доошгүй үг хэлж байж сэтгэлийн тав тухдаа хүрдэг бол эрчүүд 7000 үг хэлсэн байхад л болоод явчихдаг, илүүд бол дургүй. Үүний учир мөн л элэнц хулинцийн үеээс үүдэлтэй: ан гөрөө хийж явахад олон юм ярих шаардлага ч байхгүй, харин ч агнах гэж байгаа амьтнаа үргээчихгүйн тулд дуу чимээ гаргах хэрэггүй байсан. Харин эмэгтэйчүүд агуйдаа түмэн асуудлыг /хоол хийх, ангийн арьсаар хувцас урлах, хүүхдүүдээ харах г.м./ шийдэн амжуулдаг байв. Энэ бүх ажлыг хоорондоо ярьж хөөрөлгүйгээр хийнэ гэдэг боломжгүй байсан нь мэдээж. Одоо цаг өөр болсон боловч хүний мөн чанар нь хэвээр үлдсэн: эрчүүд дуу цөөтэй хэвээр, бүсгүйчүүд ярьдагаараа ярьсаар л.

Жүжигчин Вера Сотникова: Эрчүүд биднийг аар саар юм яриад гэж их дургүйцдэг, юу ярьж байгааг ойшоож сонсох ч үгүй. Тийм болохоор өөрийгөө сонсуулахын тулд хэзээ ярьж эхлэх вэ гэдэг мөчөө нарийн олох хэрэгтэй байдаг. Зүгээр л найз хүүхэнтэйгээ ярьдаг шигээ яриад байж болно гэвэл эндүүдэл, ийм зүйлийг нэг ч эр хүн тэвчихгүй байх…

Бүсгүй хүн ажлаа тарж ирээд нөхөр дээрээсээ “үгэн бороо” асгаж өгдөг, аргагүй шүү дээ, ажил дээрээ чалчих хэрэгцээгээ хангаж чадаагүй бол? Нормын 21000 – аа гүйцээхийг байгаль цаанаас нь шаардаад байгаа юм чинь… Гэтэл харин, нөхөр нь өдрийнхөө үг ярианы нормыг биелүүлчихсэн байгаа бол ярих сонирхол байхгүй, үүнээс үүдээд эхнэрээ хэрэгтэй хэрэггүй олон юм чалчлаа хэмээн ундуйцах, эхнэр нь ч хүнтэй юм ярьдаггүй, хүсдэггүй, дүлий дүмбэ хэмээн гомдох. Нөхөр нь гэртээ ирээд ТВ хараад юм ярилгүй хэвтмээр байдаг, эхнэр нь болохоор юм ярьмаар байдаг…

Оросын шинжлэх ухааны академийн хүн судлалын институтын мэдрэлийн системийн хөгжил судалгааны лабораторийн эрхлэгч Сергей Савельев:

Эмэгтэй хүний тархины хэл ярианы төв эрэгтэй хүнийхээс харьцангуй том байдаг юм. Үүнийг том байлгахын тулд тархины бусад хэсгээс танагдсан гэсэн үг. Тийм болохоор, ялангуяа хүүхэд төрүүлэх насны залуу бүсгүйчүүд хэдэн цагаар “утаснаас дүүжлээстэй” байдаг, ийш тийш залгаад л яриад байна… Энэ бол цэвэр зөн, хүн бол байгалийн амьтан гэдгийн баталгаа. Аливаа амьд амьтны зөн бол – үр төлөө үлдээхэд оршдог. Хэдий чинээ олон холболт хийнэ –үр төлөө үлдээх холболтонд хүрэх боломж төдий чинээ нэмэгдэнэ, үүнийг байгаль цаанаас нь хийгээд өгсөн учраас эмэгтэй хүний дотоод ухамсар нь ажиллаж байгаа нь тэр: өдөр ч шөнө ч, амаа хамхилгүй хэн хүнтэй яриад байхад бэлэн…

Нормоо биелүүлэхээс нааш сэтгэл нь амрахгүй тул, чалчих объект олдохгүй бол утсаар ярьж эхэлдэг: найз нөхөдтэйгээ, ээжтэйгээ… нөхөр нь үүнд нь мөн л дургүйцэх. Уул нь, эхнэр нь хэдий чинээ их үг бусдад зарцуулна – төдий чинээ бага үг нөхөрт оногдоно, сайн л биз дээ?

Эмэгтэй хүн хэдий яриа ч гэсэн бас сонсож чаддаг, сонсох тун ч дуртай. Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг. Үүнийг нь ойлгодог ёс суртхуунгүй этгээдүүд “хүүхэн панаалдахдаа” амжилттай ашигладаг. Ямар ч хүүхнийг зад панаалдаж хүссэнээ хийлгэж болдог гэж эрчүүд хэлдэг.

Светлана Барковская, сэтгэл зүйч:

Эрэгтэй хүн хайр сэтгэлээ үгээр илэрхийлэхэд нь эмэгтэйчүүд их дуртай байдаг. Өөрт нь яаж үхэж байгааг нь яриулах, өөрийнхөө гоё сайхныг яриулах, нэг үгээр хэлэхэд, эрчүүдэд өөрийгөө тольдох дуртай, өөрөөр хэлбэл тэднийг ярьдаг толь байлгахыг хүсдэг. Чи тийм ийм гээд л магтаад ярихад нь хүүхнүүд нүдэн дээр цэцэглээд ирдэг, яг л тордуулж байгаа цэцэг мэт. Чихэнд чимэгтэй үг сонсох – энэ бол хүүхнүүдийн нэн чухал хэрэгцээ!

Эр хүний зүрхэнд хүрэх зам ходоодоор нь дамждаг гэдэг бол эм хүний зүрхэнд хүрэх зам чихээр нь дамждаг гэхэд болно. Хайртай хүүхэн чинь танд уурлаад яваад өгсөн бол чихэнд нь чимэгтэй үгээр зэвсэглээд оч. Таныг уучлахгүй хөөгөөд байвал бүү цөхөр: зүгээр л, та хангалттай их яриагүй байна л гэсэн үг. Түүний ямар сайхан, харин та өөрөө ямар тэнэг гэдгийг чинь ханатлаа сонсоогүй байна гэсэн үг. Бас “би чамд хайртай” гэдгээ ч хэлээрэй, харин худал хэлж хэрэггүй шүү.

Эрэгтэй хүнд харц чухал байсаар ирсэн нь ан хийхэд хараа чухал байсны илрэл. Харин эмэгтэй хүн харанхуй агуйд чихээ илүү ажиллуулдаг байсан. Тиймээс, эр хүн харж дурладаг, эмэгтэй хүн сонсож дурладаг.

Google search engine

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here