Таны найз үнэхээр найз уу, эсвэл өрсөлдөгч үү? Хор хөнөөлтэй нөхөрлөлийн 5 шинж

0
72

Тоглоом доторх өрсөлдөөн бол зугаа. Харин найз нөхдийн дунд илт өрсөлдөөн, бүр чамайг дарж авах оролдлого анзаарагдвал болгоомжлох цаг иржээ. Өрсөлдөөн бүр муу зүйл биш ч хэрэв энэ нь сэтгэлзүйг сорон мөлждөг уралдаан болон хувирч байвал харилцаагаа эргэн харсан нь дээр.

Найз чинь чамтай өрсөлдөж байгааг хэрхэн мэдэх вэ?

1. Тэр чиний амжилтыг байнга бууруулж үнэлдэг
Жинхэнэ найз амжилтад чинь чин сэтгэлээсээ баярладаг. Харин хэрэв хэн нэгэн байнга “Зүгээр л ажил шүү дээ”, “Баярлахад арай эрт байна” гэх мэт хандлага гаргадаг бол чиний амжилт түүнийг эвгүй байдалд оруулдаг гэсэн үг.

2. Магтаал нь сэтгэлд гуниг үлдээдэг
“Өө, чи энэ даашинзыг төрсөн өдрөөрөө өмсөнө гэж үү? Би лав зориглохгүй байсан” гэх мэт үгс үнэндээ сөрөг утгатай магтаал юм. Иймэрхүү “пассив-агрессив” магтаал нь өөрийгөө илүү мэдрүүлэх гэсэн оролдлого байдаг.

3. Тэр ямагт өөрийгөө чамаас дээгүүр тавьдаг
Чи марафонд бэлдэж байна уу? Тэр аль хэдийн гүйж үзсэн, бүр бэлтгэл ч хийгээгүй байсан гэдэг. Энэ нь зүгээр нэг туршлага хуваалцах биш, чамайг жижигрүүлж, өөрийгөө илүү чухал хүн мэт харагдуулах гэсэн оролдлого.

4. Тэр чиний алхам бүрийг дуурайдаг
Чи фитнессд явж эхлэхэд тэр ч бас бүртгүүлдэг. Чи магистрт сурахыг хүсэхэд, тэр “би ч бас тэгж бодож байсан” гэж хэлдэг. Үнэхээр ижил сонирхолтой байж болно. Гэхдээ дуурайлт нь өрсөлдөөнөөс үүдэлтэй бол асуудалтай.

5. Тэр чамайг санаатайгаар эвгүй байдалд оруулдаг
Чамайг гялалзах вий гэж айсандаа хамт олонд урьдаггүй, эсвэл боломжит ажлаас чинь татгалзахыг зөвлөдөг. Энэ бол шууд хорлон сүйтгэх үйлдэл бөгөөд жинхэнэ найз ингэхгүй.

Ийм харилцаа юунд хүргэдэг вэ?

  • Итгэл үнэмшилд чинь сөргөөр нөлөөлнө
    Амжилтад хүрэх үед баярлахын оронд бусдын үл ойлголт, атаархалтай тулгарах нь өөртөө итгэх итгэлийг мохоож, сэтгэл гутрал, ганцаардалд хүргэдэг.
  • Найздаа итгэх итгэл алдагдана
    Найзын баяр хүргэх ёстой мөчид “Би ч бас чадна” гэх мэт харьцуулсан үг сонсогдож байвал харилцаа аль хэдийн итгэлийн ханыг эвдсэн гэсэн үг.
  • Байнгын сэтгэлзүйн дарамт үүсгэнэ
    Чи өөрийнхөөрөө байж чадахгүй, үргэлж үгээ хянаж, найз чинь шүүмжилж магадгүй гэж бодож эхэлнэ.
  • Ганцаардлыг мэдрүүлнэ
    Хамтдаа байж байгаа ч сэтгэл зүрхээрээ хол байх үе ихэсдэг. Найз нөхдийн харилцаа эрч хүч өгч, урам зориг төрүүлэх ёстой. Харин эсрэгээрээ ядаргаатай, дарамттай болж хувирвал тэр нөхөрлөл хэрэггүй.

Өрсөлдөөн заримдаа хөгжилтэй, заримдаа дэвшилд хөтөлдөг. Гэхдээ хэн нэгэн найз нэрийн дор таны амжилтыг үгүйсгэж, таны эсрэг сэтгэлзүйн тоглоом тоглож эхэлбэл энэ нь нөхөрлөл биш, сөрөг нөлөө бүхий өрсөлдөөн юм. Ийм харилцаа таны өөртөө итгэх итгэл, сэтгэлзүйн эрүүл мэндийг алгуурхан үгүй хийж эхэлдэг. Тиймээс “найз” гэх нэрийн цаана ямар хандлага нуугдаж байгааг сайтар ажиглаж, өөрийгөө хамгаалаарай.

Google search engine