Зарим хүмүүс зөвхөн булчингийн өвдөлтийг л үр дүнтэй бэлтгэлийн гол хэмжүүр гэж үздэг. Гэвч энэ нь бодит байдалтай төдийлөн нийцэхгүй. Чи дасгалаа хэр сайн хийсэн бэ гэдгийг тодорхойлох олон арга бий. Хэрэв дараах шинжүүд илэрч байвал бэлтгэл чинь үр дүнтэй болжээ гэж үзнэ.
1. Өмнөхөөсөө илүү сайн мэдрэмжтэй байгаа
Бэлтгэл зөвхөн бие махбодод бус, оюун санаанд ч эерэгээр нөлөөлдөг. Хэрэв дасгал хийсний дараа стресс багасч, сэтгэл санаа чинь дээрдэж байвал энэ нь бэлтгэлийн үр дүн гарч байгаагийн нэг илрэл юм.

2. Дасгалууд илүү амархан санагдаж байна
Хэдэн сарын өмнө хэцүү санагдаж байсан дасгалууд одоо хялбар болж байвал энэ нь булчин чинь хөгжиж, хүч чадал чинь нэмэгдэж байгааг илтгэнэ. Энэ нь ахиц дэвшил гарч буйг харуулах төдийгүй дараагийн шатанд ахих цаг болсны дохио юм.
3. Ахиц дэвшилдээ бахархах мэдрэмж төрж байна
Бэлтгэлийн үр дүнг хэмжих нь үргэлж амархан байдаггүй. Гэхдээ бие махбод болон өөрийн мэдрэмжид гарч буй хамгийн бага өөрчлөлтүүд ч чамайг урамшуулж чадна. Хэрэв өнгөрсөн долоо хоногоос нэг сет илүү хийсэн бол энэ нь үр дүнтэй бэлтгэл хийж буйн илрэл юм.
4. Техник чинь сайжирсан

Хэрэв дасгал хийхдээ хөдөлгөөний зөв техникт бага төвлөрөх болсон бол, эсвэл толины өмнө техникээ шалгахад илүү төгс харагдаж байвал чи зөв замдаа явж байна гэсэн үг.
5. Биеийн байдал, ялангуяа нурууны байрлал сайжирсан
Хэрэв чи нуруугаа эгцлэхэд хялбар болж, бөгтийх нь багассан бол бэлтгэл үр дүнгээ өгч байгаагийн нэг илрэл юм. Тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр зөв байрлалыг хадгалах нь улам хялбар болно.
6. Координаци сайжирсан
Биеийн тэнцвэрээ барих нь хүн бүрийн хувьд амархан байдаггүй. Гэхдээ бэлтгэл сургуулилтаа үр дүнтэй хийвэл координаци чинь сайжирч, өдөр тутмын хөдөлгөөнүүд илүү хялбар болно.
7. Эрч хүч зөвхөн бэлтгэл дээр бус, амьдралын бүх хүрээнд мэдрэгдэж байна

Тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь зөвхөн фитнестэй холбоотой зүйлсэд бус, ажил амьдралд ч итгэлтэй хандахад тусалдаг. Хэрэв чи зорилгодоо хүрч чадахаа мэдэрч, илүү сахилга баттай, тэвчээртэй болсон бол бэлтгэл чинь үр дүнтэй болж байна гэсэн үг.
8. Өдөр тутмын ажлууд хялбар болсон
Өмнө нь лифтгүй таван давхар луу гарахад амьсгаадаж байсан бол одоо асуудалгүй өгсөж чадаж байна уу? Дэлгүүрээс хүндхэн уут барьж гарахад хэцүү санагдахаа больсон уу? Энэ бүхэн биеийн хүч сайжирсны илрэл юм.
9. Илүү гүн нойрсдог болсон
Тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр унтах хугацаа, чанар хоёул сайжирдаг. Хэрэв чи илүү хурдан унтаж, шөнө дунд сэрэх нь багасч, өглөө бүр сэргэг сэрж байгаа бол энэ нь бэлтгэлийн үр нөлөө юм.
10. Булчингаа илүү сайн мэдэрч байна

Дасгалаа тогтмол хийснээр булчин ба тархины хоорондын холбоо сайжирдаг. Ямар дасгал аль булчинд нөлөөлж байгааг ойлгож, хөдөлгөөнөө илүү сайн удирдаж эхэлсэн бол энэ нь үр дүнтэй бэлтгэлийн нэг шинж тэмдэг.
11. Илүү удаан хөдөлгөөнтэй байж чадаж байна
Биеийн ерөнхий бэлтгэлжилт сайжрахын хэрээр чи илүү удаан ядрахгүйгээр хөдөлж чаддаг болно. Энэ нь зөвхөн дасгал хийхдээ бус, өдөр тутмын алхалт, дугуй унах зэрэг үйл ажиллагаанд ч нөлөөлнө.
12. Дараагийн бэлтгэлийг тэсэн ядан хүлээж байна
Үр дүнтэй бэлтгэл хүндрэлтэй байдаг ч сонирхлыг улам нэмэгдүүлдэг. Хэрэв чи дараагийн дасгалаа хийхийг тэсэн ядан хүлээж, шинэ дасгал туршиж үзэхийг хүсэж байвал зөв замдаа явж байна гэсэн үг.
13. Заримдаа бэлтгэлээс татгалзахаа мэддэг болсон

Үр дүнтэй бэлтгэл зөвхөн тасралтгүй хөдөлмөрлөж, хөлсөө урсгахыг хэлдэггүй. Заримдаа бие махбод, сэтгэл санаагаа сэргээхийн тулд амрах нь хамгийн зөв сонголт байж болно. Ядаргаа, гэмтэл эсвэл сэтгэл санааны хүнд байдалтай үед өөрийгөө хүчлэлгүйгээр амрах нь ч бас үр дүнтэй хандлагын нэг хэсэг юм.
Бэлтгэлийн гол зорилго нь зөвхөн булчин хөгжүүлэхээс гадна, өөрийгөө илүү сайн хувилбар болгох явдал билээ. Тиймээс өөрийгөө хэт их шахах бус, бие болон сэтгэл санаагаа сонсож, өөртөө анхаарал тавихаа мартуузай.