Уудаггүй архичины тэмдэглэл-зөвөлгөө
MensLife
4 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:3

Архидалтын тухай үй олон нийтлэл бичигдсэн байдаг. Эдгээр нийтлэлүүдэд зөвхөн архаг архидалтын гурван үе шатын тухай л авч үздэг нь миний бодлоор хангалтгүй санагдана. Би өөрийнхөө туршлаганд тулгуурлан асуудлыг арай өргөнөөр авч үзмээр байна.

Би бол 50 жилийн туршлагатай үе дамжсан архичин. Одоо бол - уудаггүй архичин.

Архидалт гэдэг нь хичнээн хэцүү, том проблем болохыг би хүүхэд байхдаа ойлгон сонирхож эхэлсэн билээ. Үргэлж халамцуу байх эцэг, уйлж шаналсан ээж минь анх миний анхаарлыг энэ асуудал руу хандуулсан юм. 14 настай байхдаа “Здоровье” сэтгүүдээс хүн архаг архичин болж хувирахдаа дөрвөн үе шатыг дамждаг тухай уншиж, "би л лав архичин болно гэж байхгүй" гэж бодож байснаа тодхон санаж байна.

Архичин болох зам анхны хундагаас эхэлдэг гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Анхны хундаганд юу байж болох, хэзээ, хаана... тоймгүй олон хувилбар бий. Хундага шампан дарс, 16 насныхаа ойгоор ганц стакан шар айраг уух, дунд сургуулийнхаа төгсөлтийн баяраар арай хатуу юм амсаж байхдаа хэн ч өөрийгөө ангал руу унах замдаа гарч байгаагаа мэддэггүй. Би хэзээ ч архичин болохгүй, би бол өөр хүн, хэмжээ хязгаараа мэднэ гэж хэн бүхэн боддог. Энэ бол ТӨӨРӨГДӨЛ! Би ч мөн л ингэж бодож байсан. Дунд сургуулиа алтан медальтай төгсөөд, нэр хүндтэй дээд сургуульд сурч байхдаа, сурлага, спорт, нийгмийн ажлаар үргэлж бусдыг манлайлж явахдаа өөрийгөө архичин болох зам руу баттай орчихсон гэдэгт хэрхэн итгэх билээ?

Градустай ундаа /дарс, шар айраг г.м. юу ч байж болно/ анх удаа амсаж байгаа тэр мөчид та архидалтын эхний шатан дээр эргэлт буцалтгүйгээр баттай зогсоод авч байгаа нь тэр. Буцах зам бол одоо байхгүй. Үе шатуудын үргэлжлэх хугацаа хүн бүрт адилгүй нь - үнэн. Мөн, та “архаг” болтлоо явах уу үгүй юу гэдэг бол өөр асуудал. Архидалтын хэлбэр олон янз байдаг. Жишээ нь, манай хүүгийн архидалт их өвөрмөц: жилд нэг удаа дунд сургууль төгссөн өдрөө гурван найзтайгаа уулзан тэмдэглэж коньяк уудаг. Одоогоор үүнээс цаашлаагүй байгаа, гэхдээ тэрээр дөнгөж 33 – тай, цаашаа юу ч болж магад!

Архидалтын эхний шатны шинж тэмдэг бол багахан уугаад хурдан согтоно, согтолт удаан үргэлжилдэггүй. Эхний шатыг бүрэн туулсны гол шинж тэмдэг бол “хэтрүүлсний” дараа бөөлжихөө болих. Өчигдөр хэтрүүлж уусан мөрт дотор чинь муухайрч бөөлжөөгүй өнгөрсөн бол архидалтын хоёр дахь шат руу яваад орчихжээ гэж ойлгоорой. Хоёрдахь шат гаднах байдлаараа юугаар ч илэрдэггүй. Та хуучин шигээ “зөвхөн баяраар л” уудаг хэвээрээ, заримдаа ямар нэгэн онцгой үр дагаваргүйгээр хоёр гурван хундага илүү хүртчихнэ. “Уулт” хоорондын зай аажмаар богиносно. Цаг хугацааны хувьд энэ процесс нэлээд удаан үргэлжилдэг л дээ, олонхи хүмүүс энэ шатан дээр он удаан жилээр үлддэг. Харин бид цаашаа явъя.

Нэг л өглөө та сэрээд шарталт гэдэгтэй танилцах болно. Эхний үед та кофе, өтгөн цай, ундаа, жүүс зэргээр өөрийгөө эмчилнэ, харин өглөө босоод шар айраг, дарс, бүр архиар “дотроо засах” өдөр ирэх нь дамжиггүй! Энэ өдөр таны хувьд архидалтын хоёрдахь үе шат дуусч гуравдахь шат руугаа та алгуурханаар гулсан орж байгаа нь тэр.

Гуравдахь үе шат ийнхүү сэмээрхэн ирдэг юм. Түүний гол аюул нь юу вэ гэвэл, одоо та ихээр ууж байгаа мөртөө нэг их согтохгүй байж чаддаг болсон байна. Хэдийгээр тэгтлээ согтохгүй байгаа боловч ой санамжинд өөрчлөлт орж тархинаас зарим үйл явдал арчигдсан байх асуудал улам ихсэнэ. Ийм зүйл хоёрдугаар үе шатанд ч “аль уже” эхлэх нь бий. “Чи согтоогүй, зүгээр л байсан шүү дээ” гэж таны огт санахгүй байгаа үеийн тухай хамт наргисан хүмүүс чинь хэлэхэд та учиргүй гайхна.

Энэ, гуравдугаар үе шат маш удаан үргэлжилж болно. Зүгээр л архи уух хүсэл үе үе төрдөг болно. Эхлээд та архи уух шалтаг хайдаг болно, сүүлдээ шалтаг ч, хамтрагч ч хайхаа болино. Олдсон газар нь, тааралдсан хүнтэйгээ ууна, ганцаараа шараа тайлна. “Өглөөд уугаагүй бол тэр өдөр хэрэггүй өнгөрнө” гэдгийн дагуу. Согтох хүсэл байхгүй мэт авч бие чинь “градус” нэхнэ. Ажил амьдрал чинь буцалж байгаа хэвээр авч, архи таны амьдралд улам их зай эзэлж, улам их цагийг чинь авна.

Одоохондоо та шаардлагатай бол уухгүй байж өөрийгөө дийлж чадаж байгаа ч, хамгийн гунигтай нь өөрийгөө ялах явдал улам цөөрсөөр цөөрсөөр архидалтын дөрөвдүгээр үе шат руу тулж очих болно. Дөрөвдэхь үе шат бол – архаг архичин. Би энэ шат руу оролгүй зогссон. Уудаггүй архичин болж үлдсэн. Дөрөвдэхь үе шатын тухай бусдын жишээн дээр л ярьж чадах байна.

Энэ эцсийн шатанд орсон хүн архийг байнга уух агаад жаахан уугаад л гүн согтдог болдог: ганц шил шар айраг, 100 гр. архи уухад л хангалттай. Ажил амьдрал нь байхгүй болж мөнгө болгож болох бүхнийг гэр орноосоо авч явна, аяга архинаас өгнө. Амьдралд нь АРХИ гэдэг ганц эрхэм зүйл л үлдэнэ. Энэ тамаас буцаж ирж чадах нь бий, гэхдээ урт хугацаагаар тэсэх нь маш ховор. Ийш хүрэх зам архи амсч үзсэн хэн бүхэнд нээлттэй!

Эцэст нь, дээр ярьсныг хураангуйлъя:

Нэгдүгээр үе шат. Хааяа архи уух, хэтрүүлсэн үедээ зайлшгүй бөөлжих.

Хоёрдугаар үе шат. Хэтрүүлсэн ч бөөлждөггүй болох. Баяр, найр гэлгүйгээр, шалтгаан гарвал уучихдаг болох.

Гуравдугаар үе шат. Шартдаг болж, уусны маргааш өглөө зуун граммаар дотроо засдаг болох. Архи уух тохиолдол ихсэх, шалтаг болон хамтрагч хайхгүйгээр уудаг болох. Ууж байгаа архины хэмжээ нэмэгдэх, архидалтын хугацаа улам уртсах.

Дөрөвдүгээр үе шат. Жаахан уугаад л согтдог болох. Архинд донтох. “Хүнээ алдах”.

Эх сурвалж: orosshkolton.mn

MENSLIFE.MN Facebook
Уудаггүй архичины тэмдэглэл-зөвөлгөө
Уудаггүй архичины тэмдэглэл-зөвөлгөө
Таны IP address: 18.232.38.214
202.70.34.98
4 ЖИЛИЙН ӨМНӨ
Хоёрдугаар шатан дээрээ байна.
122.201.28.4
4 ЖИЛИЙН ӨМНӨ
hahah
202.126.89.78
11 САРЫН ӨМНӨ
3 дээр явж байна даа
ULAANBAATAR WEATHER
Top