Анд явна гэхээр нойр хүрэхээ болино шүү дээ. Бушуухан цас ороосой гээд л гэгэлзээд суучихна.
MensLife
5 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:3

Улсын анчин Юндэний Жүгдэрнамжил:-Намар оройн анхны цас хаялаад эхлэнгүүт л хөнжил гудсаа боогоод, ганзаглаагаа бэлтгээд, тогоо шанага, сүх, дулаан “унтар”-аа аваад л морио унаад гарна. Хэд хоногоор явна. Би Ононы эхний рашаан хүртэл 53 хоног ууланд явж байсан-Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багийн иргэн, Улсын анчин Юндэний Жүгдэрнамжилтай уулзаж ярилцлаа. Тэрээр “Баян-Овоо хайрхныг Чингис баавай тахиж байсан юм гэнэ лээ” хэмээн яриагаа эхлэв. “Хотод, хүүхдүүд дээрээ ирж өвөлжсөн юм. Бардаггүй ээ, бушуухан буцахын түүс” гэсээр угтав. Манай нутагт лав над шиг арваад бууны ард гарсан хүн байхгүй.

-Хэзээ Улсын анчин болж байв даа? -Анчин гэхээр л дандаа алж устгаад байна гэж үгүй. Байгаль, ан амьтнаа хайрлана. Харамлана. Хэдий юм агнах юм, зорилготой байна шүү дээ. Байна гээд л буудаад байхгүй. Ангийнхаа байр байдлыг мэднэ. Ямар улиралд ямар ан хаагуур байхав, түүнийг нь мэдэж байгаа хойно, хэвтэж байгаад нэгийг унагалаа. Тэгээд л боллоо. Илүү юм алахгүй. Би 72-тойдоо Улсын анчин болсон. Миний үнэмлэхийн дугаар 75 байна лээ. Сүүлийн 15 жил Улсын анчин гараагүй байж байгаад би болсон юм даг уу. Одоо энэ цол байхгүй болж л дээ.

-Та анх хэдийнээс ан хийж эхлэв дээ? -Арван хэдтэй байсан уу. Тарвагаас л эхэлсэн. Тэгээд үнэг, хярсхан гээд, дээшээ томроод бор гөрөөс болоод, нутгийн анчдыг дагаад л явдаг байлаа. Миний өөрийн эцэг анчин биш. Харин ээжийн талд анч улс байсан. Нэгэнт л “цусанд” юм байгаа учир амархан сурсан даа. Дээр нь авъяас, дур байна. Анд явна гэхээр нойр хүрэхээ болино шүү дээ. Бушуухан цас ороосой гээд л гэгэлзээд суучихна. Намар оройн анхны цас хаялаад эхлэнгүүт л хөнжил гудсаа боогоод, ганзаглаагаа бэлтгээд, тогоо шанага, сүх, дулаан “унтар”-аа аваад л морио унаад гарна. Санаа таарч агнадаг улс гэж байна. Ганзагаа хувааж сурсан гэдэг юм уу, тийм хүмүүстэй нийлээд гарч өгнө шүү дээ. Хэд хоногоор явна. Би Ононы эхний рашаан хүртэл 53 хоног ууланд явж байсан. Ангийн махаа идээд, рашаан усаа уугаад л явна.

-Ангийн хишиг хувь гэж байх уу? -Байна аа, байна. Бор унагачихвал хотонд хэдэн айл байдаг юм, бүгдэд нь хувь өгнө. Дадалын буриадууд их хэлмэгдсэн, хураалгасан. Тэр утгаараа мал хуй муутай, ядруухан байсан. Ангийн махаар л үр хүүхдээ тэжээдэг байлаа. Хөгшин бид хоёр арваад хүүхэдтэй. Болгоод л байдаг байсан.

-Тэгэхэд ангийн үс арьс, мах бэлтгэл гээд улс орны хэмжээнд зохион байгуулалттай агнадаг байсан гэдэг? -Тэгэлгүй яахав. Эх орны дайн дуусч байлаа. Хуучин ЗХУ гэж байхад монголчууд бид ангийн арьс махаа Оросын ард түмэнд нийлүүлж байсан юм. Олон жил нийлүүлсэн байх шүү. Улсаас ангийн арьс үс, мах төдийг бэлтгэ гээд төлөвлөөд өгчихнө. Тарвага, гахай, бор гөрөөс, чоно, агнуурын шувуу, хэрэм төдийг агна гээд хатуу төлөвлөгөөтэй. Тарвага иччихсэн хойно, төлөвлөгөө биелүүлэх гэж ичээг нь ухаж л явлаа. Энэ төлөвлөгөөг заавал биелүүлэх ёстой. Манай нутаг чинь Онон, Балж нийлдэг сайхан газар. Их хөвчтэй. Ан ч элбэг. Сар бүрийн таванд тав хоног үргээлэг хийнэ. Төлөвлөгөөнд багтсан юу л гарна, буудах учиртай. Эрэгтэй_ эмэгтэйгүй бүгдийг л дайчилдаг байсан. Жар хүрчихсэн хөгшин ч морь уначихсан үргээлгэнд явж байх жишээтэй. Хэрэв яваагүй бол шийтгэлтэй байсан.

-Ямар шийтгэл гэж? -Жишээ нь, би үргээлгэнд ямар нэгэн тодорхой шалтгаанаар яваагүй бол сумын захиргаанд, эмнэлэгт ч юм уу хоёр морин тэрэг хуурай мод бэлтгэж өгөх ёстой байсан. Ан ав, үргээлгэд яваагүйн баа нь тэр. Сонин байж болох юм. Шашны зан үйлд хэрэглэдэг эд зүйлсийг хүртэл үргээлгэнд ашиглаж байсан. Бүрээг нь үлээж, цанг нь цохиод л, ангийн ширүүн гарч байна гэж жигтэйхэн. Бор гөрөөс гэхэд үргэж цочсондоо цас манаруулаад л хар хурдаараа гарч ирнэ.

-Сумыг хуваарилаад өгчихнө биз? -Өөрсдөө худалдаж авна л даа. Манай багт гэхэд 20-иод хүн суудалд суудаг. Дөчөөд хүн үргээлгэ хийнэ. Бид өдрийн 30-аад бор гөрөөс бууддаг байсан. Асар их мах бэлтгэж байсан нь харагдаж байгаа биз дээ.

-Зуны халуунд агнах уу? -Үгүй ээ, зун юу хийж арьс, мах бэлтгэх вэ. Өвлийн улиралд л агнана. Ангийн арьсаа “агент”-д аваачаад тушаачихна. Шалихгүй дээ, шилүүсний арьс 50, хэрэмнийх 1,2, чоных 20-иод, үнэгэнийх 17 төгрөг болно. Үргээлгэнд оролцсон бүх хүн энэ мөнгөө хуваагаад л авчихна. Ятуу шувуу 30 мөнгө, хур бор нь буюу эм нь 60 мөнгө, хар нь буюу эр нь 1,7 төгрөг. Төгрөгийн ханш ч чанга байлаа. Калебрийн сум хайрцаг нь 1,5 төгрөг байсан гээд бодвол хүн бүр даавуу даалимба авах мөнгөтэй л харьдаг байсан даа. -Махыг нь яах вэ?-Бас л агентад тушаана. Кг-ыг нь 1,2 төгрөг ч гэдэг юм уу өгчихнө. Өөрийн хэрэгцээнд хэрэглэхээ бол арьс, мах бэлтгэхээс жичдээ явж агнана. Жил бүрийн аравдугаар сарын 15 гэхэд үслэг ангийн сор гүйцэж байгаа юм. Дараа жилийнх нь хоёрдугаар сарын 15 хүртэл ангийн улирал. Түүнээс хойш “хөлдүүгийн төлөвлөгөө” хаагдана. Ийм л байлаа.

-Олон жил ан хийсэн хүн, олон буу элээсэн дээ? -Би их олон сум тавьсан даа. “Карбин” буюу “оодон шар” буу шинээр худалдаж аваад 2000 орчим сум тавьсны дараа онохоо байчихдаг юм. Тэмээ ч онохгүй. Сум нь хөндлөн гарна. Тэр үед “карбин” буу 250 төгрөгөөр анхан гарсан. Алга болтлоо л ийм үнэтэйгээ байлаа шүү. Өмнөх буугаа сэргийлэхэд аваачиж өгөөд орны буугаа худалдаж авна. Би дөрвөн ч “карбин” дуусгасан хүн. Сүүлд нь “ЗК-600” гээд чех карбин худалдаанд гарсан. 800 төгрөгийн үнэтэй байв. Би нийт арван бууны ард гарсан юм. Манай нутагт лав тийм олон буу эдэлсэн хүн надаас өөр байхгүй.

-Одоо ч янз бүрийн буу гарч дээ? -Тийм шүү. Сүүлийн үеийн буу хол тусах юм. Замаг татахгүй юм. Хугацаа алдахгүй, дагуулаад л гох дараад байхад боломжийн юм. Гэхдээ ан хийж сураагүй залуу хүн дурантай буунаас зайлсхиймээр юм билээ. Сүүлдээ юу ч харахаа байчихна. Дурангүй л бол ямар ч бай онохгүй. Хошигноод хэлэхэд, олон цацардаг шувууны буутай бол хорхогны тарвага магадгүй гэдэг болчихно шүү дээ. Дадал сумын үхрээс ч олон буга байсан юм.

-Ер нь таныг ид байхад ан элбэг байв уу? -Тэгэлгүй яахав. Тавиад он гэдэг чинь ан элбэг, сайхан байлаа. -Бараг хаяанаасаа л тарвага буудна биз?-Манай нутаг угаасаа л тарвага цөөтэй. Гэхдээ агнуурын юм байсан. Одоо байхгүй болжээ. Буруу ан их хийж байна. Үржлийн үед нь хавх, урхи зүүнэ, нохойгоор бариулна. Буудна. Тавхан жилийн дотор л тарвага дуусчихдаг юм байна.

-Бусад ангийн тухайд ямар байна? -Ерөнхийдөө ховордсон. Гэхдээ байна аа, байна. Элбэг юм гэвэл манай тэнд чоно л их байна. Одоогийн залуус чоно ердөө агнахгүй юм. Айдаг юм уу, чаддаггүй, хүсддэггүй юм уу, хөдлөхгүй юм. Гэтэл чоно унаа малыг нь идээд, үхэр малыг нь ураад л байж байх.

-Та одоо ан хийж байна уу? -Хийлгүй яахав. Би одоо 77-той болсон. Гэхдээ тарваганы толгойг бол оночино гээд л байгаа шүү \инээв\. Хөгширч байна даа. Ангаа больдог ч юм билүү. Болоо юм байлгүй. Хангай дэлхийгээсээ зөндөө л авлаа.

-Танай нутагт хандгай, буга элбэг биз? -Хандгай бол цөөхөн бий. Буга харин элбэг байдагсан. Одоо бас л цөөрч. Дадал сумын үхрээс олон буга байсан байх шүү. Уулын нэг аманд гэхэд л сүрэг буга гарч ирээд, би 77 гэж тоолоод алдаж байсан удаатай. Бугын дуудааны үед тэр чимээ шуугиан гэж жигтэйхэн. Уул хад ёстой эзэн орж, юу гээч нь болов гэж сүрдмээр сайхан урамдаан сонсогддог байлаа шүү дээ. Бие биеийнхээ дууг аваад тэр хавийн бүх буга урамдчихна. Сайхан шүү. Одоо урамдахаа огт больж. Шөнө дундаас хойш ганц хоёр дуудаад л таг.

-Юутай холбоотой байна? -Амьтан ч гэсэн мэдэрч байна. Бууддаг, хөнөөдөг гэдгийг “ойлгож” байгаа хэрэг. Хамаагүй задгай байхаа больчихсон. Чив, сүүлийг нь авах гэж хамаа намаагүй агнаад л тэр. Тоо нь ч цөөрсөн. Гэтэл элбэг үедээ яадаг байлаа. Октъябрын баяр өнгөрчихөөд байхад хөөцөө тараагүй, бугын дуудаа чинь начигнаж л байдаг байлаа. Буга жил бүрийн есдүгээр сарын 15-нд хөөцөөнд ороод, хориод хоног яваад болих ёстой юм. Гэтэл Октъябрын баяр гэдэг чинь арваннэгдүгээр сарын 7-нд болдог байлаа. Бод л доо. Урт ороолж байгаа биз. Хэтэрхий олон буга байсандаа тэгж уддаг байсан биз. Жигтэйхэн турчихсан амьтан, салхины дээгүүр ойрхон өнгөрөхдөө бөөн шивтэр үнэртүүлээд л. Ханх тавина шүү дээ. Буга хэтээсээ заар үнэртэй амьтан.

-Анч нохойн тухай жаахан яриач. Таныг нохойтой анд явдаг гэж дуулсан? -Төрөл ангийн нохой гэж байдаг юм. Анх яаж сургаснаараа л болдог. Тухайн анчин гахайд явж сургасан бол гахайдаа л давхина. Ондоо ан хөөхгүй. Сураагүй нохой бол гахайнд явж байх замд гөрөөс тааралдахад хөөгөөд алга болчихно. Гэтэл сургачихсан бол тэгэхгүй. Гахай таартал өөр амьтанд сатаарахгүй жишээтэй. Гахайд явдаг нь гахайдаа, шилүүсэнд явдаг нь шилүүсэндээ л явна гэсэн үг. Нохой зоригтойгоос гадна ухаантай байж л анч болно. Сибирийн “лайк” гээд алдартай нохой байна. Тийм хүчирхэг биш ч их ухаантай. Цээж, хүзүү тал нь сайн хөгжсөн. Зуулт чангатай. Бие хөнгөн, үнэрт сайн. Салхинд мундаг явна. Ангаа гүйцэж очоод учир зүггүй зууралдаад байхгүй. Монгол банхрууд бодонд очоод шууд л асдаг байхгүй юу. Тэгээд хадруулдаг. Гэтэл “лайк” тийм биш. Очоод боргоод байна. Бодон цааш эргээд зугатах гэхээр ухасхийгээд хонгон дээрээс нь зуугаад авна. Бодон эргээд хадрахын зуургүй огло үсрээд холдчихно. Тэгээд л эзэндээ чимээ өгөөд, ангаа явуулахгүй ээрээд, хуцаад байна. Ингэж ээрээд байхаар өнөө бодон ч зугатах гэж оролдохоо больж, зогсчихдог юм. Тэр хооронд анчин хүрээд ирнэ биз дээ. Ийм л эдтэй нохой доо.

-Яаж сургах вэ? -Гөлөгнөөс нь сургана. Эцэг, эхээ дагаад анд явж байгаад л сурчихна даа. Хамт аваад л явна. Бас ангийн хорхойг нь асаана. Ангаа унагаад, өвчиж төхөөрөөд, махнаас нь багахан тасалж аваад нохойдоо шарж өгдөг байхгүй юу. Илүү амт оруулж, хорхойг нь асааж байгаа хэрэг. Тэгэхээр л ухаан нь, “Энэ чинь идэж болдог юм байна. Их амттайг яана” гэж “бодох нь” байна шүү дээ. Ихээр өгч болохгүй. Тэгвэл өнөө анд сурах нохой маань пологтоод, ой нь гутдаг болчихно. Их учиртай шүү. Ер нь гайгүй цусны гичийтэй хүн анч нохойгоор тасардаггүй. Нэг үүрийн гөлөг бүгдээрээ анч болохгүй. Шилнэ л дээ. Таван гөлөг байхад хоёр нь тэнцэх жишээтэй.

-Энэ гөлөг анч болно гэдгийг яаж мэдэх вэ? -Хамар нь ажилладаггүй. Андаа айгаад очдоггүй. Хүний үгэнд ордоггүй гээд анч болохгүй нохой андашгүй. Нохой их ядуу настай амьтан. 15 жил болсны хойно шүд нь муудаад, нүдний хараа нь сүүмийгээд, дүлий болоод эхэлнэ. “Лайк” үүлдрийнх бол арай илүү. Би мэдэх юм. Надад нэг “лайк”-ын цустай “Бянгар” гэсэн нэртэй өвчүү цагаан хар гичий байсан юм. Тэр 20 хүрч байж зөнөглөсөн. Зөнөглөтлөө л анд явсан даа, зайлуул. Хараад байхад анч нохой жирийн хотны нохойноос илүү насалдаг юм билээ. Хүн шиг л эрүүл агаарт, маш их хөдөлгөөнтэй амьдарсны нь ач байдаг шиг байгаа юм.

-Нохойдоо ангийн махнаас энэ хэсгийг нь өгнө гэсэн тогтсон ёс байдаг болов уу? -Яг ч тийм юм байхгүй. Анчин хүн нохойдоо их хайртай байна л даа. Ангийн зам зуур хооллоод л явна. Би анд явахдаа нохой хэдий хэр идэж чадна, тэр хэмжээгээр нь идүүлдэг байсан. Муухан нохой бол пологтоод, явж чадахгүй. Харин хэдийнэ анч болчихсон, анд дуртай болчихсон нохой өөр. Хэдий их идсэн ч шаардлагатай үед өнөөхөө бөөлжиж хаячихаад л сум шиг хурдална гэж мэд. -Одоо танай нутагт анч нохой бий юу. Ер нь жаахан ховордож байна уу?-Бий, бий. Харин би нохойгүй болсон доо. Анч нохой байлаа ч өөдтэй нь ховор болсон шиг. Залуус бэлэн юм л бодохоос өөрөө оролдож, нохой хөтөлж анд сургах нь байхгүй болж. Нохойтой хүнтэй ганзага хувааж анд явахыг илүүд үзэж байна. Өөрөө агнах эсэх нь хамаагүй, ангийн махны хуваарьт орохыг л боддог болж.

-Нохой ангийн үнэрийг хэр холоос авах вэ? -Километр дотор ч мэднэ шүү. Анч ноход морины бөгсөнд цувралдаад явж байгаа юм. Ангийн мөр бий болонгуут тэд сэрийлдээд, идэвхтэй болоод, урд гараад газар үнэрлээд эхэлнэ. Өвсний үзүүр үнэрлээд байдаг юм. Гахай их үстэй амьтан. Явахдаа заавал үнэр үлдээдэг, хялгас нь замын бут сондуулд шудрагдаад үлддэг юм байна. Цас орсны дараа мөр хөөж яваагүй л бол хүн тэр бүрийг анзаарахын аргагүй. Гэтэл нохой мэднэ. Хэрэв бодон явсан бол нохойны сэрвээний үс өрвийгөөд ирнэ. Ойр ойрхон сарина. Жаахан зүрхшээж, хэцүү амьтан байна гэдгийг мэдэрч байгаа байхгүй юу. Биеэ бэлддэг юм уу, баахан сарьж, хөнгөлж байгаад л очиж байгаа юм. Жирийн сүрэг өнгөрсөн бол тэгэхгүй. Тоох ч үгүй. Мөрдсөөр яваад, давхиж хүрээд бужигнуулаад ээрчихнэ. Гахай жаахан доор үхэлтэй амьтан.

-Би л лав зэрлэг гахайн маханд дуртай. Харамсалтай нь хэрхэн агнадаг талаар мэдэхгүй? -Гахай их чимээтэй амьтан. Ороо нь арванхоёрдугаар сарын 20-доор эхэлдэг юм. Хагас сар гаруй үргэлжилнэ. Тэр үедээ бүр их дуу чимээтэй болчихно. Том нь багыгаа орилуулаад бужигнаж гарна. Сүрэг хөдлөхөөрөө онгоц шиг хүнгэнэсэн чимээ заавал гаргана. Би залуу байхдаа гахайн энэ чимээг онгоц гэж андуурч л явсан. Хэвтрээсээ босч, бүгдээрээ нэг бөөгнөрөөд, хамар нь нэгэн зэрэг дуугардаг нь онгоц дуугарч байгаа шиг сонсогддог байхгүй юу. Сүргийн бүх гахай хамраа дуугаргаагүй цагт хөдлөхгүй. Тэгж байгаад удирдагч нь эхэлж хөдлөөд, бүгд цуваад явах жишээтэй.

-Гахай их аюултай ан биз? -Шархдсан үедээ хүн рүү дайрна. Бодонд дайруулсан золгүй тохиолдол бий шүү дээ. Шархдуулсан гахайг мөрдөж болдоггүй. Мөрдсөн ч туйлын болгоомж, сэрэмжтэй байхгүй бол болохгүй. Шархдсан гахай хэсэг яваад мөрөө зангиддаг юм. Анх хөдөлсөн мөрөн дээрээ ирээд отоод хэвтчихдэг. Гахай уруу газар л дайрна. Өөд дайрна гэж байхгүй. Өөрөө хүнд зовлоготой амьтан учир уруу газар чулуу шиг л хурдална. Гялсхийгээд л ороод ирнэ. Сумалчихсан, сугандаа хавчуулаад зэхчихсэн бууг хараалж амжихын зуургүй л ороод ирдэг юм билээ. Би тэгж таарч л байсан. Шархдсан бодон дайрахыг хараад буугаа мөрлөж хараалах гээд амжаагүй байхад л тулаад ирсэн. Тэгсгээд атгачихсан, пүдхийтэл ойчоод л, хөл мөргөөд унаж байсан. Тийм ойрхон зуур ёстой аюултай. Их ч оночтой дайрахыг яана.

-Зэрлэг бодон соёогоороо биш хамраараа “зэвсэглэдэг” гэж үнэн үү? -Тийм биш. Соёо нь тун айхтар “зэвсэг” болно. Морины сүүлийг ширвэхэд л хайчилсан мэт тасрана. Уг нь тэр бүдүүн, богино соёо тэгж хурц тайрна гэж баймгүй санагдана л даа. Гэтэл ямар ч хурц хутгаас илүү. Тэгж ярьвал хурц хутга ч адууны сүүлний тэр бүдүүн хялгасыг дийлэхгүй. Хамгийн гол нь бодонгийн соёонд био тог байдаг учир тэр. Манай нутагт Ойдов гэж хүн байсан. Гахайнд их явсан. Насаараа ан хийсэн, чаддаг юм нь л ан байсан хүн. Тэр хүн хэлж байсан. Мань хүн нэг гахай буудаад очиход арай амь тавиагүй, ам нь солбиж байж л дээ. Буугаад хартал соёоноос нь хөх цэнхэр туяархуу юм гарч байна гэнэ. “Энэ ер нь ямар хурц соёотой болоод нохой шувуу хадраад байдаг юм” гэж сониучирхаад хутганы ир шалгаж байгаа шиг эрхий хуруугаараа соёог нь имэрч. Гэтэл тогонд цохиулах шиг болоод, ухасхийн гараа татаж авбал эрхий хуруу нь тэр даруйдаа л ангайгаад, зад буучихсан байсан гэсэн. Өнөө био тог нь гүйхгүй юу. Тэгээд болоогүй, мань хүний суганы нь булчирхай цочоод, халуураад, сүйд болсон гэдэг. Ер нь гахай осолтой. Нохойн биед жаахан газар цоолоод хатгачихсан байгаа юм. Нэг их сүртэй шарх биш шиг харагдавч өнөө нохой маань үс нь арзайгаад л, халуураад эхэлнэ. Тэгэхээр нь ёотон юм уу, элсэн чихэр шар тосонд жаахан өнхөрүүлж байгаад идүүлчихэд арай дээр болчихно. Үгүй бол үхнэ шүү.

-Бодон тэгдэг байж. Тэгвэл соёогүй, сүрэгт байгаа мэгж жишээ нь хадрах уу? -Зүгээргүй ээ, тэр. Нохойн хөл хуга мушгина. Хазаад эргүүлчихдэг юм. Мэгж нохойн хойд хөлийг хуга мушгиад тавьж байхыг би харж л явсан. Шархдсан, шархдаагүй нохой руу дайрна. Нохой шуугиад очингуут сүрэг жижгүүдээ дундаа хийгээд, томууд нь хүрээлээд зогсчихно. Хазна, толгойгоороо цохино. Модонд аваачаад хашиж нударна. Бяр бол ойгүй амьтан шүү. Хэдэн нохойны үйлийг ч ёстой үзнэ дээ. Тэнхээтэй дээрээ тэсвэртэй гэж жигтэйхэн. Тав, зургаан метрийн өндөр хавцлаас үсрээд бууна. Хөл нь хугарчихсан хэвтэж байх юм бодоод очиход аль хэдийнэ хөл дээрээ буугаад алга болсон байдаг юм. Тэр бахим, богинохон хөл үү, нугарч мэдэхгүй. Барагтай амьтан бол тийм өндрөөс дэвхэрч буухад сална даа. Гэтэл гахай тиймгүй.

-Их бөх амьтай байх даа? -Жаахан доор үхэлтэй амьтан. Биеийнхээ дундаас доош л үхнэ. Зүрх нь хэрсэндээ, дороо наалдаж байдаг юм. Улаан сугаар нь, үгүй бол бүдүүн хүзүүний уг хавьцаа хараалж буудна. Сайн буудах цэгүүд байна л даа. Түүнээс жишээ нь, гэдсэнд онолоо гэхэд жаахан шүүс гоожоод л яваад өгнө.

-Гахайг яадаг юм, үргээж агнах уу? -Үргээнэ, тосч агнана. Янз бүр. Гахайн идэштэй таарвал тэр хавьдаа отоглоод, эргэж ирэхийг нь хүлээж байгаад агнаж болно. Сайн мөрддөг хүн салхиа тохируулаад хөөж болно. Гахай ер нь их арчтай амьтан. Битүү газар хоноглохдоо заавал урь татаж хэвтэнэ. Ойр хавийнхаа өвс мэтийг хошуугаараа бөөгнүүлээд тухлана. Би чоныг ульж дуудаад бууддаг байсан.

-Чоно агнах хэцүү биз. Ижил тэнгэртэйдээ харагдаж, илүү тэнгэртэйд нь алагддаг гэдэг дээ? -Ямар нэг ан авлана гэвэл тухайн амьтныхаа биологийн онцлогийг сайн мэдсэн байх ёстой. Тэр анд ямар сул тал байна гэдгийг мэдэж байж ганзага мялаана шүү. Би залуу байхдаа чоныг ульж дуудаад бууддаг байсан. Ингэхдээ заавал хоёр удаа улина. Ганц улихад ирдэггүй юм билээ. Гэхдээ чоно улихаа болингуут дагаад больчихно. Тэгэхгүй бол би ямар “ориг” чоно биш, “баригдана” шүү дээ. Чоно бие биедээ янз бүрийн мэдээг өөр өөр улилтаар дамжуулдаг. Түүнийг нь ялгаж сонсдог болж байгаад “Энд хоол байна, тусламж хэрэгтэй байна” гэдэг ч юм уу улина л даа. Миний ажигласнаар гурван янз аялгаар улиад байгаа юм. Их хашир. Хэд хэдүүлээ ирлээ гэхэд жижгүүд нь тасарч хол үлдэх жишээтэй. Бүдүүн чоно нь ульсан газарт ирнэ. Муу санаа нь ч тэр юм уу, төрөлхийн зан нь ч юм уу. Тиймдээ ч нэг суурин дээр олон чоно алж чаддаггүй гэдэг чинь ийм учиртай байхгүй юу. Яахав, би нэг суурин дээр гурван чоно алж байсан.

-Бэлтрэг суйлна биз? -Их суйлна аа. Чоно их. Хотонд ирнэ. Агнахаас аргагүй байсан. Тиймээс сумын хэмжээгээр зохион байгуулалттайгаар бэлтрэг суйлдаг сан. Би Баян суманд 1952 онд эвлэлийн ажил хийж байлаа. Майн баярын үе юм даг. Хүмүүн төрөлхтөн дуулж, туг бариад, тэрүүхэн хавиараа тойрч алхаад л, сумын дарга индэр дээрээс үг хэлээд л, орой нь дуу ший болоод, их сүртэй л баяр болдог байлаа. Тэр жилийн Майн баяраар цас ордог юм. Би ид залуу байж. Шөнөөр мордоод ууланд гарч таван бэлтрэг суйлаад ирсэн. Сумын анчид бүгд л мордож, нийтдээ 83 бэлтрэг авчирсан байсан юм. Ганцхан өглөөний ангаар шүү дээ. Чоно тийм их байсан хэрэг.

-“Чоно үүрэндээ өлзийтэй” гэдэг. Үнэн болов уу? -Үнэн. Айлын гадаа гөлөглөчихөөд, оролдохгүй л бол тэр айлаасаа хурга ишиг ч шоглохгүй. Харин үүрийг нь сандаагаад, бэлтрэгийг нь суйлаад, шууд гэртээ шогшоод ирвэл ёстой баларна. Айтаматовын “Цаазын тавцан” зохиолд гардаг шүү дээ. Яг тийм эмгэнэлтэй явдал болно. Бэлтрэгийнх нь гэдсийг хагалаад, буцах замаараа хэсэг хэсэг газар цувуулаад хаячихвал гайгүй. Дагахгүй. Эх нь зүрхшээдэг шиг байгаа юм.

-Чонын махыг идэх үү? -Чоно алсан хүн жилдээ өлзийтэй явдаг гэж халх талынхан бэлэгшээдэг юм билээ. Шагайг нь зүүгээд явахад муу юм зайлуулдаг ч гэдэг. Чоно үнэхээр тэнгэртэй, ухаантай амьтан. Энд би нэг зүйлийг зориуд хэлмээр байна. Хүмүүс мэдэж байгаа болов уу, чонын мах хөлдсөн хүний ганц аврал нь юм шүү дээ. Сөгнөгөрийн амралтад хэсэг улс явсан байгаа юм. “Паз” автобустай. Цас орсон, автобус нь цасанд суугаад шатахуунаа дуусгачихсан юм биз дээ. Нэгэнт л амралтад яваа улс, хөнгөн нимгэн, гоё ганган хувцаслаж таарна. Хөлдөөд, айл бараадсан гэсэн. Гэрийн эзэн хашир хүн байж. Чонын борц байсныгаа буцалсан усанд хандалж дараад уулгасан байгаа юм. Тэр бэлдмэлийг уусан хүмүүс яагаа ч үгүй бол уугаагүй нь гар хуруугаа тайруулсан гэж ярьдаг. Түүнчлэн гэдэс доторт ч сайн. Гэдэс гүйлгээд байхад чонын борц жааханг нүдээд усанд найруулаад уучихад зүгээр болчихдог.

-Шилүүс агнах хэцүү юу? -Шилүүсийг нохойгоор л агнана. Хад асгатай, хэцүү газар байна. Явгаар мөрдөөд агнана гэж байхгүй. Нохой л модонд гаргаж байгаа юм. Их сонин амьтан. Бор хэвтэж байхад дээрээс нь буучихна. Махчин амьтны есөн буудал гэж байдаг. Ес харайна л гэсэн үг. Есөн харайлтын зайнд хүрч байж л үсэрдэг байхгүй юу. Ангаа босч амжаагүй байхад дээр нь мордоод гүрээг нь цоолоод цусыг нь сорчихдог юм. Халуун цус уугаад хэсэг зуур ухаан алдаж унана. Сэргэж босоод махнаас нь жаахан иднэ. Тэгээд өнөөхөө нууна. Цасаар далдлана. Шувуу хүртэл олж мэдэхгүйгээр нууна шүү дээ. Энд тэнд үсэрсэн цус, үс ноосыг цас малтаж ирээд дарчихна. Ул мөргүй болгож байгаа хэрэг. Тэгээд өндөрхөн газар гарч хэвтчихээд, хооллох бол ирж идчихээд байна. Энэ мэтээр бор гөрөөсийг зургаа, долоо хоног иддэг шиг байгаа юм. Хэрэв сүрэг бол гөрөөсийг хоёр хоногт л идчихнэ. Заримдаа бүр сэгээсээ холдохгүй сахиад байгаатай таарч л байсан. Уг нь дуртай газартаа л барьж идээд явдаг амьтан. Ан нь ховордоод байхаар нэг унагавал сахьдаг болж л дээ. Хоолоо хямгадах болж байгаа хэрэг.

-За, сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа!

Эх сурвалж: http://ayalal.blogspot.com

MENSLIFE.MN Facebook
Анд явна гэхээр нойр хүрэхээ болино шүү дээ. Бушуухан цас ороосой гээд л гэгэлзээд суучихна.
Анд явна гэхээр нойр хүрэхээ болино шүү дээ. Бушуухан цас ороосой гээд л гэгэлзээд суучихна.
Таны IP address: 3.89.87.12
122.201.28.5
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Гоё ярилцлага болжээ.
180.149.78.20
5 ЖИЛИЙН ӨМНӨ
goyo ym yrij bnaaa
103.10.23.8
5 ЖИЛИЙН ӨМНӨ
Jugdernamjil guaitai yaj uulzah ve shn yriltslaga bolsn bna chono yaj angnahiig l surah ymsanda
ULAANBAATAR WEATHER
Top