Д.Лхамсүрэн: Ганц бие аавуудыг нийгэм өрөвддөг ч үнэндээ МАШ САЙН ААВУУД БАЙДАГ
MensLife
4 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:0

Статистикийн мэдээллээр Монгол Улсад ганц бие 20 мянга гаруй аав байдаг гэсэн судалгаа гарчээ. Энэ нь зөвхөн бүртгэлтэй тоо бөгөөд тэднээс гадна хэчнээн хүн байгааг тааварлахад бэрх.

Нийгэмд ганц бие аавуудад хандах хандлага, тэдний болон аавтайгаа өсөж буй хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлогийн талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Д.Лхамсүрэнтэй ярилцлаа.

-Ганц бие аавуудад ямар асуудал тулгарч байна вэ?

-Манайд хандсан ганц бие аавуудын жишээнээс ярья. Хоёр нь 40 гаран насны тус бүр хоёр хүүхэдтэй аав. Нэгнийх нь хүүхдүүд ээж дээр нь байдаг бол нөгөө нь хоёр хүүхдээ өөрөө өсгөж байна. Гурав дахь нь анхнаасаа л ганц бие аав байх сонголтыг хийсэн залуу.

Магадгүй тэр залуу мөнгөтэй, боловсролтой, нийгэмд эзлэх байр суурь нь өргөн,эмэгтэй хүний хувьд сонголт болохуйц залуу байлаа гэхэд түүнийг үеийнх нь бүсгүйчүүд “бонус”-тай гэж хардаг. Тэр залуу “Надад “бонустай” гэдэг үг таалагддаггүй” гэж хэлсэн.

Нөгөө хоёр нь насны хувьд ахимаг, хүүхэдтэйгээ харилцах харилцаан дээр асуудал гарч байгаа учраас сэтгэлзүйчид хандсан.

Аавууд яагаад ганц бие аавууд болж үлддэг вэ? Тэдэнд хүүхдээ авч үлдэх шалтгаан бий. Тэр айлд хагацал учирсан, эхнэр нь нас барсан байж болно. Нөгөөтэйгүүр ээж гэдэг хүн тухайн хүүхдийг асран хамгаалах ямар ч боломжгүй байх буюу гадаад руу олон жилээр явсан, эсвэл бие хүний хувьд ямар нэгэн зүйлд донтсон бол... Эсвэл хүүхдийн хувьд “ээж” гэсэн шаардлагыг хангахгүй байх тохиолдолд ганц бие аавууд олширч байна. Шүүхээр гэр бүл салахад хүүхдийг авч үлдэх шийдвэрийг ихэвчлэн ээжийн талд гаргадаг. Гэхдээ дээр дурдсан ээж нь асран хамгаалах боломжгүй тохиолдолд аав нь хүүхдээ авч үлдэх, магадгүй хүүхдүүдээ нэг нэгээр нь авах гэх мэт шалтгаанаас ганц бие аавууд бий болж байна.

Эсвэл хүүхдээ авч үлдэх маш их хүсэлтэй аав байж болох юм. Бас миний нэг өнцөг байна. Ямар нэгэн байдлаар эхнэр нь ажлаар гадагш явсан ч гадны оронд очоод гэр бүлтэй болчихдог.

ГАНЦ БИЕ ААВУУДЫГ ӨРӨВДӨЖ, ТУСЛАХ ГЭЭД БАЙГАА НЬ ЭРГЭЭД ДАРАМТ БОЛДОГ

-Ганц бие аавуудад сэтгэлзүйн ямар асуудал тулгардаг вэ?

-Аавууд биологийн өгөгдлийн хувьд ч, сэтгэлзүйн хувьд ч хүүхдийг асран хүмүүжүүлэхэд сэтгэлзүйг нь хангаж өгөхүйц биш. Тухайн хүүхэд том болоод өөрийнхөө хүүхдийг хүмүүжүүлэхдээ ч багадаа ямар тоглоом тоглож өссөн бэ гэдгээс эхлээд ямар орчинд яаж хүмүүжсэн бэ гэдэг маш чухал.

Ганц бие аавуудын хувьд нийгэмд маш их үүрэг хүлээж байдаг. Ажлын хувьд ч, гэр бүлийн хувьд ч бүгдийг манлайлж, амжуулах ёстой гэж боддогийн дээр хүүхдээ сайн хүн болгон хүмүүжүүлэх үүрэгтэй. Ийм тохиолдолд эмэгтэй хүнээс ялгаатай нь эрчүүд амархан сэтгэлээр унадаг. Сэтгэлээр унахаар өөрийн бүх үйлдлээ буруутгаж эхэлнэ. “Би эхнээсээ л буруу юм хийсэн. Миний амьдрал цаашид муу явна” гээд бараг бүх юм дуусч байгаа мэтээр ханддаг. Гэтэл эмэгтэй хүн өөр л дөө. Ихэвчлэн хурдан босдог, сэргэдэг, тэмцдэг.

Эрчүүдэд гараад байгаа дийлэнх асуудал нь сэтгэлээр их унадаг хэрнээ тэрийгээ их далдалдаг. Далдалж байгаа учраас хүмүүс түүнийг сэтгэлээр унаж байна гэж харахгүй шүү дээ. Харин эмэгтэйчүүд сэтгэлээр унасан үедээ нээлттэй ярьдаг учраас хүмүүс түүнийг ойлгодог. Ялгаа нь үүнд л байгаа юм.

-Ганц бие аавуудыг нийгэмд өрөвдөх хандлагатай байдаг. Гэтэл тэдэнд энэ байдал таатай байдаггүй гэсэн?

-Тэднийг нийгэм, найз нөхөд, гэр бүлийнхэн нь их өрөвдөх хандлагатай байдаг. “Энэ хөөрхий хүүхдээ хүн болгох гэж яваа юм, тусалъя” гэдэг ч юм уу. Бусад хүн тус гэж хараад байна.

Хоёрдугаарт, ганц бие аавуудыг хүнтэй суулгах гэж оролддог. “Залуу байгаа дээрээ өөрийн насны таарч тохирох хүнтэй гэр бүл бол” гэх мэтчилэн. Тухайн хүнд халамж тавиад туслах гээд байгаа мэт боловч бодит байдал дээр нөгөө хүнд их дарамт болдог. Өөрт нь энэ зүйлийг ярихгүй байх нь, асуухгүй байх нь амар. Гэтэл хүмүүс цаг үргэлж асуугаад байхаар өөрийг нь энэ зүйлийг хийж чадахгүй байгаа юм шигээр хараад байна гэж ханддаг.

Өөрийнх нь хариуцаад авч яваа, сонголтоо хийсэн юмыг хэн нэгэн сонирхоход нээлттэй бус байдаг.

-Хүүхдээ өсгөхөд юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

-Ганц бие аавуудын амьдралын хэвшилд хүүхэд өөрчлөгдөж эхэлнэ. Эрчүүд ихэвчлэн гэртээ хариад зурагт үзээд суудаг бол ганц бие аавууд хүүхдээ асрах, даалгаврыг нь хийлгэх, гэр орноо авч явах гээд бүх л үүрэг хариуцлагыг хүлээдэг. Эргээд өөрийгөө бусад эрчүүдтэй харьцуулж, дийлэнх тохиолдолд сэтгэлээр унаж, дарамттай болж эхэлнэ. Сэтгэлээр унасан ч бодит байдал дээр бүх юмаа маш сайн амжуулдаг. Бидний мэдэх жишээнүүдийг харахад бодит байдал дээр маш сайн аавууд байна. Өөрөөр хэлбэл хийсэн сонголтоо, хариуцсан ажлаа 100 хувь биелүүлдэг.

Зарим нь хүүхдээ өөрөө өсгөхөөр авдаг ч өсгөх ажлаа эмээ, өвөөд нь, эсвэл эмэгтэй дүүдээ даатгачихдаг. Ингээд амьдралаа босгож, эдийн засгаа тогтвортой болгох гэж яваад одоо л хүүхдэдээ анхааръя гэхэд хүүхэд нь аль хэдийн өсвөр насандаа хүрчихсэн, өөрийн гэсэн үзэл бодолтой, нийгэмд хандах хандлагатай, аавыгаа сонсохооргүй болчихсон байдаг. Аав хүүхэдтэйгээ яаж харьцахаа мэдэхгүй болсон байна. Энэ тохиолдолд аавууд хүүхэдтэйгээ судалгаа хийх хэрэгтэй. Ном сонин уншиж, мэргэжлийн хүнд хандах нь зүйтэй.

.Гэтэл болохгүй бол хатуу гараар шийдэх гэж байдаг талтай. Энэ нь огт тохиромжгүй алхам. Тухайн хүүхдэд бүх л цаг үед нь хамт байж, зөвлөж ярьж, сонсож ярилцах ёстой байтал тодорхой цаг үед нь ярилцдаггүй байснаас болж асуудал үүсдэг.

ХЭЧНЭЭН САЙН ААВ БАЙГААД ЭЭЖИЙН ОРОН ЗАЙГ НӨХӨЖ ЧАДАХГҮЙ

-Сайн аав байгаад ээжийн орон зайг нөхөж чадах уу?

- Яаж ч хичээсэн чадахгүй. Хүүхэд хэзээд ээжийгээ санадаг. Гэтэл ганц бие аавууд нөхөхийн тулд хичээгээд л байдаг. Харин аав өөрийн үүрэг хариуцлагыг сайн гүйцэтгэж байвал болно. Гэхдээ ээжийн үүргийг гүйцэтгэх гэж хэт их оролдсоноос хүүхдийг залхаах, аав гэдэг үүднээс биш нийгэмд тогтсон ээж гэдэг хүний үг үйлдлүүдийг үзүүлсээр байгаад өөрийг нь сонсохгүй болох магадлалтай. Ээж аавын үүргийг гүйцэтгэхдээ сайн анхаарч, хүүхдэдээ юу өгөх гээд байна вэ гэдгээ мэдэрч байх хэрэгтэй. Аав өөрийнхөө үүргийг өгчихлөө. Харин ээж хүний өгдөг шинж чанаруудын юуг өгөх вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй.

Хүүхэд ааваасаа нэг өөр зүйл, ээжээсээ бас өөр үлгэр дууриал авах ёстой байтал ээжийнх нь дутагдаад байдаг. Ээж нь тайван сонсож, тайлбарладаг, анхаарал халамж тавьдаг байтал аавууд тэрийг гүйцэтгэж чадахгүй болохоороо хүүхэд хүмүүжлийн асуудал эхэлдэг.

Хоёрдугаарт, хүн юм чинь хань ижилтэй болохыг хүсдэг. Гэтэл хүүхдүүд яаж ойлгох бол, нийгэм яаж ойлгох бол гээд эргээд сэтгэлзүйн хувьд өөрөө сонгох гэдгээс илүү бусдад тааруулах гэж боддог.

Гуравдугаарт, хүн болгон “Ганц бие аав” гэсээр байгаад шошголчихдог. Энэ байдал нь өөрт сэтгэлзүйн дарамт болдог. Дөрөвдүгээрт тухайн хүүхэд бага байхад “Ээж хаачсан юм?” гэж асууна. Ямар ч тохиолдолд үнэнийг хэлж байх хэрэгтэй. Бас хүүхдэдээ ээжийг нь мартуулах гэж оролддог. Ээжийгээ мартана гэж огт байхгүй. Цаг үргэлж ээжийгээ санаж, хүлээж байдаг. Хэчнээн мундаг байсан ч тэр орон зайг нь аав нөхөж чадахгүй учраас тэрийг ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Гэр бүл салах болгонд хүмүүс болгоно бүтээнэ гэж боддог. Хүн ирээдүйгээ дандаа эергээр хардаг. Гэвч ирээдүй бодит биш. Хүүхдээ сайн хүн болгон, хүүхдээ юугаар ч дутаахгүй гэдэг нь үнэндээ зөв бодол биш. Гэр бүл салснаар хүүхэд ямар нэгэн зүйлээр заавал дутмаг байдаг. Дутаад байгаа зүйлийг дүүргэж болдоггүй. Гэхдээ түүнтэй адилхан зүйлээр орлуулж болдог. “Би тэгж байгаад энэ хүүхдийг ээжтэй болгоё” гэдэг. Мянга сайн хойд ээж байлаа гээд тэр хүүхдэд цаг хугацаа хэрэгтэй. Сэтгэлзүйн хувьд элэг бүтэн байхыг гүйцэлдүүлж чаддаггүй. Ямар ч байсан нөхнө, болгоно, чадна гэдэг нь алдаа. Тиймээс салах сонголт хийхээсээ өмнө сайн бодох хэрэгтэй.

-Хүүхэд өсгөх амаргүй. Аавуудад эрэгтэй хүүхэд өсгөх нь амар, эсвэл эмэгтэй хүүхэд өсгөх нь өөрт нь илүү ойр ч гэдэг юм уу. Сэтгэлзүйн хувьд хүүхэд өсгөхөд хүйсийн ялгаа гардаг болов уу?

-Тэр нь зөв, энэ нь зүйтэй гэсэн юм хэлж чадахгүй. Гэхдээ сэтгэлзүйн ганц нэг онолын түвшинд ярихад эмэгтэй хүүхэд илүү аавтайгаа дотно байх хандлагатай. Амьдралын нарийн зүйлээ аавтайгаа ярьдаг, илүү ойлголцдог. Аавдаа итгэдэг. Магадгүй анхны хайраа аавдаа хэлсэн байдаг ч юм уу. Аав нь эсрэг хүйсний хүн гэдэг утгаар илүү ойлгодог. Гэтэл хөвгүүд илүү их ээждээ наалддаг. Уйлангуутаа ээжээрээ аргадуулдаг. Тэр нь ээждээ дасдаг, ээнэгшдэг байдлаас үүсээд байдаг л даа. Гэхдээ хэн хэнтэйгээ илүү байна гэхээс илүүтэй яаж хүмүүжүүлж байна вэ гэдэг чухал. Тухайн хүнийг аав нь уу, эсвэл ээж нь үү, архины хамааралтайэсвэл өндөр боловсролтой хүн байна уу гэдэг нь хамаагүй. Тухайн хүнд хүмүүжил олгож байгаа хэлбэр нь хамгийн чухал.

ХҮҮХДЭДЭЭ “БИ БАЙХГҮЙ БОЛЧИХВОЛ ЧИ ЯАНА ДАА” ГЭЖ ХЭЛЭХ НЬ ХҮҮХДЭД АЙДАС, ДАРАМТ БОЛЖ ИРДЭГ

-Ганц бие аав, ээжүүдэд “Би байхгүй болчихвол энэ хүүхдүүд яана аа” гэдэг айдас байнга байдаг байх?

-Ийм айдас байнга байдаг. Санаатай болон санамсаргүй байдлаар энэ санааг хүүхдэдээ үргэлж өгдөг. “Би байхгүй болчихвол чи ингэнэ шүү” гэх мэтчилэн амьдралд хөл алдахгүй байгаасай гэсэндээ хэлж байгаа мэт боловч эргээд энэ нь хүүхдэд айдас, дарамт болж ирдэг. Ямар насан дээр нь ямар байдлаар яаж тэр санааг өгөх вэ гэдэг нь чухал.

Хүүхдээ бага насан дээр нь “Чи айлын ганц хүүхэд учраас бусадтай ойлголцож, сонсох хэрэгтэй, өөрийн үзэл бодлоо бусдад илэрхийлж байх хэрэгтэй”, өсвөр насанд нь “Хүн мөнхийн бус, ирээдүйд ямар нэг таагүй зүйл болох магадлалтай. Энэ үед чамд өөрийгөө аваад явах чадвар байх хэрэгтэй” гэх мэт үгсийг аятай, таатай байдлаар ойлгуулах хэрэгтэй. Тэгэхгүй “Би үхнэ, алга болно” гэх байдлаар хэлбэл хүүхдэд хэн нэгэн нь дутуу байхад дахиад намайг орхино гэсэн айдсыг өгчихдөг. Энэ нь хүн болгон намайг орхидог юм байна гэсэн ойлголтыг өгдөгг учраас болгоомжтой хандах хэрэгтэй.

-Хагас өнчин хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлогоос ярихгүй юу?

-Хагас өнчин байна гэдэг ямар нэг байдлаар хагас байна л гэсэн үг. Тэрийг дүүргэх боломжгүй. Гэхдээ хагас байлаа гээд тэр хүүхэд нийгэмд эзлэх байр суурь, өөрийгөө илэрхийлэх байдлаараа дутуу гэсэн үг бас биш. Аавгүй өссөн хүүхдүүд нийгэмд өндөр байр суурь эзэлдэг, ээжгүй өссөн хүүхдүүд эмэгтэй хүнийг хайрладаг, хань ижлээ ойлгодог, өөрт нь байгаагүй зүйлийг хожим хойно нөхөж байна.

Хүүхэд амьдралдаа байхгүй байсан зүйлийг насанд хүрсэн хойноо нөхөх гэж оролддог. Багадаа өөрт нь байхгүй байсан тоглоом хүүхэлдэй, машинаар хүүхдээ дутаахгүй гэсэндээ ухамсаргүйгээр тухайн зүйлийг нөхөх гэж оролддог. Энэ нь тухайн хүний ямар орчинд өссөн бэ гэдэгтэй холбоотой болчихоод байна.

-Ээжээс нь болоод аав хүүхдүүдээ авч үлдлээ гэхэд хүүхдэдээ ээжийнх нь талаар хэрхэн ойлгуулах ёстой вэ?

- Ганц бие аавуудын хувьд хүүхдэд өөрийн хийсэн алдааг тэр болгон дурдаж, анхааруулсан юм хэлээд байдаггүй. Худал үнэн ярьдаг л байх. Ээжийнх нь талаар дийлэнх тохиолдолд эергээр хэлж, сөрөг мессеж өгдөггүй. Бидний мэдэхгүй олон жишээ байгаа байх. Энэ нь эргээд хүүхдэд зөв нөлөөлөл үзүүлж байдаг.

ХҮҮХДЭЭ ЭЭЖТЭЙ НЬ УУЛЗУУЛАХГҮЙ ГЭДЭГ ААВЫН Л БОДОЛ. ТЭР ХҮҮХДИЙН БОДОЛ БИШ

-Хүүхдээ ээжтэй нь уулзуулахгүй, аавтай нь уулзуулахгүй гэдэг. Энэ нь ямар хор нөлөөтэй вэ?

-Аав ээж нь нийлэх гээд ч байгаа юм шиг салах гээд ч байгаа юм шиг хэрүүлийн дундах байдал нь хүүхдэд хэцүү, дарамттай байдаг. Тэгснээс нэгнийдээ байгаад тодорхой хугацаанд аавтай нь, ээжтэй нь уулзуулах нь дээр. Хүүхдээ аавтай нь уулзуулахгүй гэдэг тэр ээжийн л бодол. Тэр хүүхдийн бодол биш шүү дээ. Таван настай хүүхэд аавтайгаа уулзаж байх нь ямар чухал вэ гэдгийг ойлгохгүй байж болно. Гэтэл таван жилийн дараа асуувал тэр ээж юу гэж хариулах уу?

-Аав ээж нь нийлэх гээд ч байгаа юм шиг салах гээд ч байгаа юм шиг хэрүүлийн дундах байдал нь хүүхдэд хэцүү, дарамттай байдаг. Тэгснээс нэгнийдээ байгаад тодорхой хугацаанд аавтай нь, ээжтэй нь уулзуулах нь дээр. Хүүхдээ аавтай нь уулзуулахгүй гэдэг тэр ээжийн л бодол. Тэр хүүхдийн бодол биш шүү дээ. Таван настай хүүхэд аавтайгаа уулзаж байх нь ямар чухал вэ гэдгийг ойлгохгүй байж болно. Гэтэл таван жилийн дараа асуувал тэр ээж юу гэж хариулах уу?

Аав ч мөн адил ээжид нь өширхөж, эсвэл гомдоод ээжтэй нь уулзуулахгүй байя гэж бодъё. Гэтэл тэр хүн хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргаж байна. Энэ зүгээр л нэг хоол идэх идэхгүй, машин авах авахгүй гэсэн сонголт биш юм. Тухайн хүүхдийн амьдалд маш том үүрэг гүйцэтгэхүйц сонголт, шийдвэр байдаг. Энийг аав ээжүүд ойлгох хэрэгтэй. Хүүхдийг уулзуулж, тайлбарлаад, “Бид хоёрын амьдрал бүтээгүй байж болно. Гэхдээ бид хоёулаа чиний аав ээж мөн. Бид хоёр чамд хайртай. Чиний өмнө хариуцлагыг хүлээнэ. Чамайг бид хоёр хэзээд ойлгоно. Тусална” гэдгээ илэрхийлдэг байх хэрэгтэй. Энэ нь нөгөө яриад байгаа юугаар ч орлуулж чадахгүй зүйлсийн нэг юм.

Хэчнээн салаад шинэ гэр бүлтэй болсон ч гэсэн тэр хүн насан туршдаа тэр хүүхдийн аав нь байх болно. Эхийн хэвлийд бий болсон үеэс л хүүхэд аавыгаа мэдэрдэг. Энийг хүмүүс маш сайн ойлгох хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд ганц бие аавуудыг анхаарах цаг болсон. Энэ нь дан ганц аавуудын биш тэдний ард байгаа хүүхдүүд, хамт амьдарч байгаа олон хүний асуудал яригдана. Жирийн аавууд найз нөхөд нь дуудаад, уулзаж суух боломж байдаг бол ганц бие аавуудад хувийн эрх чөлөө байдаггүй. Тэр болгоныг хойш тавьж байдаг. Тиймээс тэд маш их тэвчээр гаргадаг.

Ганц бие байгаагаа ч тэр болгон хэлээд байх дуртай биш. Нийгмийн бодлогоор ганц бие аавуудыг анхаарах хэрэгтэй. Эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдтэй харьцуулахад ямар нэг зүйлд донтох, хэтрүүлэн хэрэглэхэд дөхөм байдаг. Архины асуудал хөндөгдөх байх. Нийгэм тэднийг архи уугаад л хүүхдээ анзаардаггүйгээр төсөөлдөг бол тийм биш. Тэд бусдаас тусламж авахдаа тийм ч дуртай хүмүүс биш. Илүү ухамсартай байж, үүргээ гүйцэтгэж чаддаг.

-Ярилцлага өгсөнд баярлалаа.

Эх сурвалж: www.gogo.mn

MENSLIFE.MN Facebook
Д.Лхамсүрэн: Ганц бие аавуудыг нийгэм өрөвддөг ч үнэндээ МАШ САЙН ААВУУД БАЙДАГ
Д.Лхамсүрэн: Ганц бие аавуудыг нийгэм өрөвддөг ч үнэндээ МАШ САЙН ААВУУД БАЙДАГ
Таны IP address: 54.85.57.0
ULAANBAATAR WEATHER
Top