Таны өдөр тутмын амьдрал хэт их ачаалалтай, цаг зав муутай бол дасгал хөдөлгөөн хийх цаг төдийлөн гарахгүй нь лавтай. За тэгээд зав зай, чөлөөт цаг гарлаа гэхэд спорт заал, фитнест явахаасаа илүү харьж амрахыг л хүсдэг шүү дээ. Гэсэн хэдий ч та завгүй байсан ч биеэ чийрэгжүүлэх энгийн бөгөөд хүртээмжтэй аргуудыг танилцуулъя.
Эрүүл хоол хүнс сонго
Хооллолт нь таны биеийн ерөнхий эрүүл мэндэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Зөв хоол хүнс сонгох нь таны биеийн эрүүл мэндийг мэдэгдэхүйц сайжруулж, биеийг бэхжүүлнэ. Витамин, эрдэс бодис, антиоксидантаар баялаг хоол хүнсийг сонгоорой. Шинэхэн жимс, хүнсний ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүн, тослог багатай уургаар баялаг эх үүсвэр, эрүүл өөх тос нь таны хоолны үндэс байх ёстой. Дахин боловсруулсан хүнс, элсэн чихэр, ханасан өөх тос хэрэглэхээс зайлсхий.
Энгийнээр хэлэхэд эрүүл хоол хүнс хэрэглэснээр таны эрч хүч, тэсвэр хатуужилд ихээхэн өөрчлөлт авчрах болно. Жишээ нь чипсийг самар, хатаасан жимсээр солих, чихэрлэг ундааг шинэхэн жүүс эсвэл ургамлын цайгаар солих гэх мэт. Илүү их ус ууж, бага кофейн хэрэглэж, өөртөө дүрэм болгож дагах нь таны биед эергээр нөлөөлнө.
Их алх
Алхах нь спорт заал руу явахгүйгээр бие бялдраа сайжруулах хялбар төдийгүй маш үр дүнтэй арга юм. Богино хугацааны алхалт ч гэсэн зүрхний эрүүл мэнд, тулгуур эрхтний системд сайн бөгөөд биеийн ерөнхий байдлыг дээшлүүлдэг. Өдөр тутмын хэвшилдээ алхалтыг оруул: Ажил руугаа явахдаа нэг буудлын өмнө бууж алхах, цахилгаан шатны оронд энгийн шат ашиглах, өдрийн цайны завсарлагааны үеэр эсвэл оройн хоолны дараа алхахаар гарч байгаарай.
Гадаа цэвэр агаарт алхах нь сэтгэл санааг сайжруулж, стрессийг тайлахад нэмэртэй. Энэ нь ялангуяа завгүй хуваарьтай үед тархиа сэргээхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Өдөрт дор хаяж 5-6 мянган алхам хийснээр та биеийнхээ идэвхтэй байдлыг хадгалж, биеэ чийрэгжүүлж чадна.
Стрессээс зайлсхий
Стресстэй байх нь таны бие организм өвчинтэй тэмцэх, өдөр тутмын ачааллыг даван туулахад хэцүү болдог. Тиймээс өөрийн байдалд зохицуулагдах аргуудыг олох нь чухал юм.
Үүнд бясалгал болон амьсгалын дасгалууд тус болно. Өдөрт ердөө 5-10 минутыг сэтгэл санаагаа тайвшруулахад зарцуулаад үзээрэй. Зүгээр л чимээгүй газар суугаад нүдээ аниад амьсгалаа төвлөрүүл.
Стрессээс зайлсхийх бас нэг арга бол бусдад “үгүй” гэж хэлж сурах юм. Хэт их үүрэг хариуцлага авахгүй байхыг хичээгээрэй. Үүрэгт ажлуудаа эрэмбэлж, өөртөө цаг гаргаж бай. Заримдаа стрессийг даван туулах хамгийн сайн арга нь өөртөө амрах, тайвшрах боломжийг олгох явдал байдаг.
Хангалттай унт
Нойр бол таны биеийн эрүүл мэндийг дэмжих гол үүрэгтэй биологийн хэрэгцээ юм. Нойр хангалттай авч чадахгүй бол дархлаа буурах, ой санамж, анхаарал төвлөрөлт муудах, янз бүрийн архаг өвчин тусах эрсдэл нэмэгддэг. Тиймээс та биеэ чийрэгжүүлэхийн тулд сайн унтаж амрах хэрэгтэй.
Юуны өмнө унтах цагийн хуваарийг тогтвортой байлгахыг хичээ. Өдөр бүр, амралтын өдрүүдэд ч гэсэн нэг цагт унтаж, нэг цагт сэрэх нь таны биед зөв нойр, сэрүүн байх зөв хэмнэлд дасан зохицоход тусална. Нарийн шалгуураас илүүтэйгээр нойроо бие даан үнэлж үзээрэй. Хэр их цаг унтахад сайхан мэдрэмж төрж байгааг олж мэдэх нь чухал. Зарим хүнд 7 цаг хангалттай бол заримд 8 эсвэл 9 цаг хэрэгтэй байж болно.
Хоёрдугаарт, унтах таатай орчныг бүрдүүлээрэй. Өрөөний температур бага зэрэг сэрүүхэн, ор тав тухтай байх ёстой бөгөөд гэрэл, дуу чимээ зэрэг хүчин зүйлсийг аль болох багасгаарай. Унтахын өмнө электрон төхөөрөмж хэрэглэхээ хязгаарлаарай, учир нь дэлгэцийн цэнхэр гэрэл нь нойр хүрэхэд тусалдаг мелатонин дааврын ялгаралтыг бууруулдаг. Үүний оронд ном унших эсвэл халуун усанд орох нь илүү зохимжтой.
Жингээ хяна
Жингээ оновчтой байлгах нь эрүүл бие, эрүүл мэндийн түлхүүр юм. Хэрэв та тогтмол дасгал хөдөлгөөн хийх цаггүй байсан ч тэнцвэртэй хооллолт хийснээр жингээ хянаж болно. Хооллохдоо шинэ хүнсний ногоо, жимс, бүхэл үрийн бүтээгдэхүүн, өөх тос уураг зэргийг оруулаарай. Элсэн чихэр, давс, ханасан өөх тосыг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх нь чухал.
Хоолны дэглэм тогтоож, хэт их идэхгүй, үндсэн хоолоо алгасахгүй байхыг хичээгээрэй, ингэснээр таны энерги өдрийн турш тогтвортой байх болно. Мөн хангалттай ус ууж, биеийн усны тэнцвэрийг хадгалах хэрэгтэй. Зөв хооллолттойгоор жингээ хянаснаар зүрх судасны өвчин, чихрийн шижин болон бусад архаг өвчний эрсдэлийг ихээхэн бууруулахад тусална.
Муу зуршлаасаа татгалз
Тамхи татах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх зэрэг муу зуршлаасаа салах нь таны эрүүл мэндийг ихээхэн сайжруулах болно. Тамхи татах нь амьсгалын системд сөргөөр нөлөөлж, тэсвэр тэвчээрийг бууруулж, хорт хавдар, зүрх судасны өвчин зэрэг олон төрлийн эмгэг үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэ зуршлаасаа татгалзахад эхний хэдэн долоо хоногтоо л таны биеийн байдал нэлээд сайжирч, эрч хүч нэмэгдэх болно. Согтууруулах ундааг багасгах эсвэл бүрмөсөн татгалзах нь элэгний үйл ажиллагааг хэвийн болгож, бодисын солилцоог сайжруулан, бие махбодын ерөнхий чийрэгжүүлэлтийг нэмэгдүүлнэ.
Муу зуршлаасаа ангижрахад хялбар болгохын тулд өөртөө таатай орчныг бүрдүүлээрэй. Жишээлбэл, эрүүл амьдралын хэв маягийг баримталдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх, эрүүл мэндийн талаарх ном, нийтлэлээс урам зориг авах, сэдэвчилсэн подкаст сонсож болно. Муу зуршлаасаа татгалзсанаар нойрны чанар сайжирч, таны биеийн нөхөн сэргэлт, бие бялдрын хэлбэрийг хадгалахад нэмэр болно.