Ковид тусаад эдгэрсний дараа хэрхэн бэлтгэлээ хийх вэ?

0
892

Covid-19 тусаад эдгэрсний дараа ч гэсэн бие организм халдварын хор уршгыг мэдэрсээр байдаг ба бие организм суларч урьдынх шигээ ачаалал авахад бэлэн биш байдаг.

Бие организм шууд нөхөн сэргээгдчихдэггүй. Хөнгөн тусаад эдгэсэн ч мөн ялгаагүй. Олон хүмүүс эдгэрсний дараа хэсэг хугацаа өнгөрсний дараа ч гэсэн бэлтгэл хийхэд урьдынх шигээ ачаалалтай бэлтгэл хийж чадахгүй байна, ядарч байна гэж гомдолдог.

Өнөөдөр бид танд COVID-19 тусаад эдгэрсний дараа дасгал сургуулилттай хамаатай мэргэжилтнүүдийн өгч байгаа зөвөлгөөг танилцуулая.

Хэзээ бэлтгэлдээ орох вэ?

Шинж тэмдэг бүрэн арилснаас хойш 10-14 хоногийн дараа бэлтгэлдээ орохыг зөвлөдөг.

Зааланд очихоос өмнө, зааланд байгаа бусад хичээллэгчдийг эрсдэлд оруулахгүйн тулд COVID-19 давтан шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Зөвхөн сөрөг гарсан тохиолдолд очиж болно. Дархлаа чинь тийм сайн биш байгаа гэж бодож байгаа бол хүмүүсээс зай барьж эрүүл ахуйн шаардлага хангахаа мартахгүй байх хэрэгтэй.

Бэлтгэлээ яаж хийх вэ?

Ковидын халдварын дараах эхэн үед бага ачаалалтай бэлтгэл хийх хэрэгтэй. Энгийн үед авдаг байсан ачааллынхаа 30 хувиар ачаалал өгөх. Жишээ нь та 10 км гүйдэг байсан бол 3 км-ээс эхлүүлэх хэрэгтэй. Дасгал хийж байхад таагүй мэдрэмж төрвөл бэлтгэлийг зогсоосон нь дээр. Цусан дахь хүчилтөрөгчийн хангамжийг хянаж байх нь чухал. Үүний тулд “пульсоксиметр” багаж ашигла. Мөн зүрхний бичлэг хийлгээд зүрх судасны асуудалгүй гэдгээ тогтоолчихвол сайн. Статистик мэдээгээр ковид туссан хүмүүст зүрх судасны асуудал үүсэх магадлал өндөр байдаг нь батлагдсан.

Ковидоор тусаад эдгэрсэн хүмүүст өгөх эмчийн зөвөлгөө:

  • Шинж тэмдэг арилснаас хойш багадаа хэдэн 7 хоног амрах хэрэгтэй
  • Хэрвээ миокардит буюу зүрхний булчингийн үрэвсэл оношлогдож эдгэрсэн бол спортоор хичээллэхээ 3-6 сар хойшлуулсан нь дээр
  • Хэрвээ бөөлжиж, суулгаж байсан бол бэлтгэлийн үед усны балансаа хангаж шингэнээ нөхөх хэрэгтэй
  • Корона хөнгөн тусаад эдгэрсэн тохиолдолд урьдныхаа ачааллын 50 хувиар хийж эхлэж болно. Эхний ээлжинд кардио дасгалаас татгалзсан нь дээр

Юунаас эхлэх вэ?

Ачааллыг бага зэрэг багахан ачаалалтайгаар эхлэж болно: цэвэр агаарт алхах, спорт юм уу скандинав алхаагаар алхах, дугуйгаар явах, усанд сэлэх, иогоор хичээллэх. Мөн суулт хийх, гэдэсний таталт,хайчин суулт, сунгалт хийх.

Ковидын шинжилгээ сөрөг болох үед бие организмд нөхөн сэргэх хугацаа чухал байдаг. Ачааллаа аажимаар нэмэх хэрэгтэй. Биеэ халаалт хийж, цэвэр агаар алхахаа бүү март гэхдээ олон хүн цугласан газраас зайтай байх нь зүйтэй.