Ажил, мэргэжлээ хэрхэн амжилттай солих вэ?

0
813

Ерөнхийдөө бол ажил, мэргэжлээ солих үед маш их цаг хугацаа, мөнгө зарцуулах хэрэгтэй болно. Бусад зүйлд хөрөнгө оруулж байгаатай адилаар хийхээсээ өмнө тэр талаарх бүх зүйлийг мэдэж авах нь хамгийн чухал. Доор дурдсан зөвлөгөөнүүд ажил, мэргэжлээ үр дүнтэй өөрчлөхөд чинь тусална.

Хамгийн түрүүнд ажлаа солих үнэхээр шаардлагатай юу үгүй юу гэдгээ солихоосоо өмнө шийдэх хэрэгтэй. Магадгүй чи одоогийн мэргэжлээс чинь тэс ондоо биш ч гэсэн бага зэрэг сонирхолтой шинэ ажилд орохыг хүсэж байгаа ч юм билүү.

Өөртөө үнэлэлт өгөх

Хэрэв ажлаа солихоор шийдсэн бол юуны түрүүнд өөрийн ур чадвар, үнэт зүйл, сонирхол, хувийн шинж чанар зэрэгтээ өөрийгөө үнэлэх төрөл бүрийн хэрэгсэл ашиглан үнэлэлт өгөх хэрэгтэй болно. Үүнийг мөн ажил мэргэжлийн сорил ч гэж нэрлэдэг. Эдгээр өөрийгөө үнэлэх хэрэгслүүд нь чамайг хэдэн асуултанд хариулахыг шаардах бөгөөд хариултууд дээр чинь үндэслэн ажил, мэргэжлүүдийн жагсаалтыг гаргаж ирнэ.

Судлахыг хүсэж байгаа мэргэжлийнхээ жагсаалтыг гаргах

Дээрх сорилын үр дүнд бий болсон жагсаалт нь ихэвчлэн хэтэрхий урт байдаг. Тийм болохоор сонирхлынхоо дагуу хэд хэдэн мэргэжлийг нь сонгож аваад жагсаалтаа богиносгох хэрэгтэй.

Жагсаалтан дээрх ажил мэргэжлээ судлах

Одоо жагсаалтан дээрх бүх ажил, мэргэжлээ судална. Чи магадгүй орлогын хэмжээ, боловсролын болон бусад шалгуурууд, ажлын байрны тодорхойлолт, тушаал дэвших боломж, тухайн ажлын цаашдын төлөв зэргийг анхаарч харахыг хүсэх байх.

Жагсаалтаа нарийвчлан авч үзэх

Боломжит ажил мэргэжлийнхээ талаар судалж үзэн олж авсан мэдээлэл дээрээ тулгуурлан жагсаалтаа улам бага болгоно. Тухайлбал тухайн мэргэжлийн чинь цалин орлого хэтэрхий доогуур эсвэл тухайн ажилд чинь шаардагдах эрдмийн зэргийг авахын тулд дахин суралцахыг хүсэхгүй байгаа бол тэгдээр ажил, мэргэжлийг жагсаалтнаасаа хасах хэрэгтэй.

Мэдээлэл авах ярилцлага

Тэгэхээр одоо чамд маш богинохон жагсаалт үлдсэн байх ёстой. Жагсаалтан дээр үлдсэн тэдгээр ажил мэргэжлийнхээ талаар илүү гүнзгийрүүлсэн мэдээлэл авахын тулд тухайн салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан хүмүүстэй ярилцах хэрэгтэй. Тэгсэний үндсэн дээр цаашид эрхлэхийг хүсэж буй ажлаа сонгох эсэхээ шийдээрэй.

Зорилгоо тодорхойлох

Энэ үед чи аль хэдийнэ ажлаа сонгочихсон байх хэрэгтэй. Одоо өөрийн хүрэхийг хүсэж буй зорилгоо тодорхойлох цаг.

Ажил, мэргэжлийнхээ төлөвлөгөөг гаргах

Зорилгоо тодорхойлсоныхоо дараа түүндээ хүрэхэд туслах ажил мэргэжлийнхээ үндсэн төлөвлөгөөг гаргах хэрэгтэй.

Сонгосон ажил мэргэжилд чинь шаардагдах ур чадварыг эзэмших

Шинэ ажил чинь чамаас тодорхой хэмжээний ур чадвар шаардаж магадгүй бөгөөд тухайн ур чадварыг эзэмшихийн тулд сургалтанд суух шаардлага ч гарч магадгүй. Энэ сургалт нь дадлага хийх, курс дамжаанд суух эсвэл эрдмийн зэрэг ахиулах гэх мэт янз бүр байж болно.

Одоогийн ажилдаа баяртай гэж хэлэх цаг

Хэрэв чи одоогоор ажил эрхэлдэг бол одоогийн ажлаасаа гараад шинэ ажлынхаа зүг урагш давших цаг нь боллоо.