Жейсон Стейтхем
MensLife
3 ЖИЛИЙН ӨМНӨ • СЭТГЭГДЭЛ:0

Жейсон Стейтхем (Jason Statham) 1967 оны 7 сарын 26-нд Английн Ширбрук хотод мэндэлжээ. Тэрээр олон нийтийн бар цэнгээний газар бүжигчидтэй хамт хөгжим тоглож амьдралаа залгуулдаг айлд өсөж торнисон байна. Дээрээ нэг ахтай ба түүний гэр бүлийн эрчүүд бүгд спортоор идэвхтэй хичээллэдэг байлаа. Түүний эцэг Барри Стейтхем гимнастик болон боксоор хичээллэдэг тамирчин байсан юм. Мөн ах нь боксоор хичээллэх дуртай байсан ба мань хүнийг боксын нүдүүр болгон ашигладаг байжээ. Жейсон өөрөө тулааны спортод маш их дуртай байсан ба үүнээс гадна хөлбөмбөгөөр оролддог байлаа. Гэхдээ түүнд бас нэгэн сонирхол байсан нь усан сэлэлтийн спорт байв. Усан сэлэлтийн спортоороо ч ирээдүйн жүжигчин маань муугүй амжилтанд хүрч тавцангаас үсрэх төрлөөр үндэсний шигшээ багт ороод амжив. Британы шигшээ багт Жейсон Стейтхем арав гаруй жил хүчин зүтгэсэн ба ирээдүйтэй тамирчин маань 1988 оны Сеүлийн олимпод оролцож, 1992 онд Дэлхийн Аваргын тэмцээнд 12-р байр эзэлж явжээ.

Спортоор хичээллэхийн хажуугаар мань эр гэрийнхэндээ туслах зорилгоор гудамжинд үнэртэй ус, хямд хуурамч алт мөнгөн эдлэл зэргийг зардаг байлаа. Нэгэн удаа санамсаргүй бассейнд таарсан Tommy Hilfiger фирмийн суртачилгааны менежерийн хараанд мань хүний жавхаатай, тамирчин дүр төрх нь өртсөн байна. Тийнхүү түүнийг брэнд жинсэн хувцасны рекламанд тоглохыг урьсанаар ирээдүйн жүжигчин маань нэг хэсэгтээ загвар өмсөгчөөр ажиллах болжээ.

Кино урлаг

Жейсон Стейтхемийн кино урлагтай холбогдсон түүх нь мөн л гэнэтийн санамсаргүй үйл явдлаар эхэлсэн байдаг. Tommy Hilfiger фирмийн эзэн өөрийн хөрөнгөө өсгөх зорилгоор найруулагч Гай Ричигийн «Мөнгө,Хөзөр,Хоёр буу» нэртэй анхны хит болсон киног нь санхүүжүүлэхээр болжээ. Босс тэрхүү киноны зохиолыг уншиж үзсэний дараа түүний санаанд шууд Жейсон Стейтхем орж ирсэн ба Гай Ричид санал болгохоор шийджээ. Шинэхэн найруулагчид түүний эрэлхэг дүр төрх их сонирхолтой санагдаж зохиолынх нь гол дүрийн баатартай ч яг цав таарч байсан байна. Жинсний рекламанд тоглодог Жейсоны зан чанар, гудамжны худалдаачин байсан тухай Гай бусдаас олж сонссон ба энэ нь бүр ч сонирхолыг нь татав. Хожим нь энэ тухай Жейсон Стейтхем дурсахдаа: Найруулагч надад хулхи зүүлтийг гудамжинд жинхэнэ үнэтэй зүйлтийн үнээр зараадах гэж даалгавар өгч билээ гэж дурссан байдаг. Мань хүн ч уг даалгаварыг маш чадварлаг гүйцэтгэсэн төдийгүй хуурамч барааг буцаах гээд эргэж ирэхэд нь хөнгөхөөн аргалаад явуулчихсан байна. Жейсон Стейтхем энэхүү хачирхалтай шалгалтыг амжилттай давснаар энэхүү хит киноны дүрийг авч алдартай жүжигчин болох гараагаа эхэлсэн юм.

Энэхүү киногоороо олон шагнал талархал хүртсэнийхээ дараа Гай Ричи «Булаалт» нэртэй киногоо хийхээр ажиллаж эхлэв. Энэ киноны гол дүрүүдэд Брэд Питт, Деннис Фарина , Раде Шербежия зэрэг алдартай жүжигчид тоглох ёстой байв. Энэ кинонд Гай Ричи Стейтхемийг авахаа мөн л мартаагүй ба анхандаа газар доорх зодооны хэсэгт л тоглуулахаар төлөвлөсөн байжээ. Гэвч зураг авалтын явцад байдал өөрчлөгдөж жүжигчний маань гүйцэтгэх үүрэг их болж хамгийн чухал дүрийн хүн болж хувирсан байна. Уг кино дэлгэцэнд гараад өмнөх бүтээл шиг амжилтыг олж чадаагүй боловч Стейтхемийг үзэгчдийн дунд өмнөхөөсөө нь ч илүү алдартай болгов.

Дараахан нь Ширбрукаас гаралтай жүжигчин маань Гай Ричигийн «Хүрд» кинон дээр гарч иржээ. Ихэнх кино шүүмжлэгчид чухамхүү энэ киноноос л Стейтхемийн кино урлагийн намтар эхэлсэн гэж үздэг ба Гай Ричи энэ бүтээлээрээ шинэхэн одыг алдрын тавцанд гаргаж ирсэн гэж дүгнэдэг байна.

2000 оны эхээр Жейсон нилээд эрэлттэй жүжигчин болж эхэлсэн ба америкын «Чангалаад өг» хэмээх киноны хар тамхины худалдаачны дүрд тоглож, дараа нь «Итали маягийн дээрэм», «Сөргөлдөөн», «Ангарагийн хий үзэгдэл», «Адреналин» зэрэг кинонуудад дараалан тогложээ.

Энэ бүхний дараа Люк Бессоны бүтээл «Тээвэрлэгч» киноны гол дүр түүний хувьд жинхэнэ том тэсрэлт болсон юм. Уг киноны Фрэнк Мартины дүрийг бүтээсэн явдал нь түүнд асар том нэр алдрыг авчирсан юм. Аюултай зураг авалтын хэсгүүдэд өөрөө орлон тоглогчгүйгээр тоглосон ба спортын өндөр бэлтгэл нь энэ үед л хэргээ гаргасан байна. «Тээвэрлэгч» кино маш их орлого олсон ба кино бүтээгчид Стейтхемд сая гаран долларын шагнал өгчээ. Хожим нь энэ бүтээлийн хоёр ч ангийг нэмж гаргасан нь урьдийнхаасаа ч илүү ашиг орлогыг авчиржээ.

Сильвестер Сталлонегийн дуртай гуравхан жүжигчин байдгийн нэг нь Жейсон Стейтхем юм. Тэр ч утгаараа Сталлоне өөрийн найруулсан Expendables кинондоо хамтран тоглохыг санал болгосноор алдартнууд нэг дор дүр бүтээсэн билээ.

Түүний тоглосон «13», «Паркер», «Механик», «Профессионал» кинонуудыг кино шүүмжлэгчид түүнийг алдартай од болгосон «Тээвэрлэгч» киноны хаана нь ч хүрэхгүй бүтээлүүд гэдэг боловч бүгд сайн бүтээлүүд болсон гэж дүгнэсээр байна.

Энэ жил Стейтхем "Механик: Дахин амилсан нь" мөн "Онц чухал бай" кинонуудад тоглож байна. Саяханы нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрээр "Форсаж-8" кинонд дүр бүтээж буйгаа нуугаагүй бөгөөд кино 2017 оны 4 сард нээлтээ хийж магадгүй байгаа юм байна.

Өндөр хүлээлттэй байсан энэ цувралын "Форсаж-7" нь 2015 оны хамгийн өндөр ашиг орлоготой кино төсөл болсныг та бүгд санаж байгаа байх.

Хувийн амьдрал

Стейтхемийн хувийн амьдрал үргэлж л дуулиан шуугиантай байсаар ирсэн. Амжилтын оргилд яваа байлдан дагуулагч англи жүжигчин маань олон хүүхний зүрх сэтгэлийг эзэмддэг нь ойлгомжтой. Магадгүй энэхүү байдлаасаа болоод өнөөг хүртэл эхнэр авч чадалгүй явсан байж ч болох юм.

Стейтхем нилээн хэдэн жил жүжигчин,модель Келли Бруктай дотно харилцаатай байсан боловч 2004 онд Грект авагдсан зураг авалтынхаа үеэр Келли хамтран тоглогч Билл Зейнтэй учир ургуулсанаар тэдний харилцаа дуусгавар болжээ.

Үүний дараа хэсэгхэн хугацаанд ганцаараа байсан боловч дуучин,жүжигчин үзэсгэлэнт Софи Монктой учиржээ. Энэ хайрын түүх тун богинохон байсан ба дараа нь жүжигчин маань урлаг шүүмжлэгч Алекс Зосмантай холбогджээ.

2010 оны хавар жүжигчин эр модель Роузи Хантингтон Уайтлитай учирсан ба энэ харилцаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа билээ. Роузи хамгийн өндөр рейтингтэй байгаа загвар өмсөгчдийн жагсаалтад бичигдэж байгаа бөгөөд жилийн орлого нь 8 сая гаран доллар байгаа юм байна. Тэдний харилцаа хиргүй тунгалаг байгаагүй ба нэг хэсэг салцгааж тусдаа байсан боловч эргэн нийлж одоо цуг амьдарч байгаа аж. 19 насны зөрүүтэй Victoria`s Secret-ийн үзэсгэлэнт бүсгүйтэйгээ энэ оны 1 сарын 10-нд сүй тавьсан бөгөөд хуримын тов хараахан дуулдаагүй л байна.

Тоглосон кинонууд

Мөнгө,Хөзөр,Хоёр буу

Булаалт

Чангалаад өг

Итали маягийн дээрэм

Сөргөлдөөн

Ангарагийн хий үзэгдэл

Яс бутлагч

Тээвэрлэгч

Гар утас

Адреналин

Механик

Дийлдэшгүй

Профессионал

Паркер

Форсаж 6

Сүүлчийн зааг

MENSLIFE.MN Facebook
Жейсон Стейтхем
Жейсон Стейтхем
Таны IP address: 18.206.16.123
Top